Ам.долларын ханш баасан гарагт 2000 төгрөгөөс дээш дүнтэй зарлагдсан байна. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш тогтвортой нэг түвшинд хэлбэлзэж байсан ам.долларын төгрөгийн эсрэг ханш энэ он гарсаар 0.4 хувь өссөн.
Түүнчлэн арваннэгдүгээр сараас эхлэн төгрөгийн эсрэг буурсаар байсан юанийн ханш он гарсаар харьцангуй өсөх хандлагатай байна. Баяр болох дөхсөн нь ийн харагдаж байна. Импортын хэрэгцээ нэмэгдэж, төгрөгийн ханш сулрах хандлага бий болох нь хоёрдугаар сард ажиглагддаг.
Олон улсын зах зээл дэх юанийн хөдөлгөөнийг харвал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр чангарч эхэлсэн. Учир нь Хятадын төв банк оффшор зах зээлд оролцогч банкуудад юанийн позицод заавал байлгах нөөцийн хувь хэмжээ тогтоож өгөхөөр болсон байна. Энэхүү шинэ зохицуулалтыг нэгдүгээр сарын 25-наас хэрэгжүүлж эхлэх аж.
Одоогоор юанийн ханш нэгдүгээр сарын эхнээс өссөн боловч өсөлтийн эрч сул байгаа ба жилийн өмнөх ханштай харьцуулахад 3.4 хувь орчмоор дээшилсэн үзүүлэлттэй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт болсон мягмар, пүрэв гарагийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 31 сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна