• Эхлэл
  • Дэлхийн зэсийн зах зээл

Дэлхийн зэсийн зах зээл

2016/01/20

1960-2012 онуудын дэлхийн зэсийн үйлдвэрлэл

Анхан шатны зэсийн дэлхийн үйлдвэрлэл 1900 онд ердөө 495 мянган тонн байсан бол 1997 онд – 11,526 мянган тонн, 2012 онд 20,245 мянган тонн болж нэмэгджээ.

1900-1960 онуудад дэлхийн зэсийн үйлдвэрлэл жил бүр 3.2%-иар өсч, 1960-1970 онуудад – жилд 3.4%, 1970-аад онд жилийн 2,6%, 1980-аад онд 2.2%, 1990-ээд онд 3.1%, 2000-аад онд 2.3% тус тус өсчээ.

 

 

 

Дэлхийн анхан шатны зэсийн үйлдвэрлэл

Дэлхийн хэмжээнд зэсийн хүдрийн гол нийлүүлэгч болох Чили улс 1978-1997 онуудад зэсийн олборлолтоо 13%-иас 29% болгон нэмэгдүүлж 2012 онд 31,5% болгон бууруулжээ. 2012 онд Чили 5370 мянган тонн зэс үйлдвэрлэсэн байхад Африкийн орнууд зэс олборлолтоо бууруулжээ.

Дэлхийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл

Металл зэс авалт. Хайлуулалт гэдэг бол металл зэс авахад ашигладаг пирометаллургийн процесс юм. Анхан шатны зэс хайлуулах үйлдвэрүүд зэсийн баяжмалыг түүхий эд болгон ашигладаг. Хоёрдогч зэсийн үйлдвэрлүүд зэс хавтан үйлдвэрлэдэг. Жилд хайлуулж буй зэсийн бараг тэн хагас орчмыг Чили, Хятад, Япон, АНУ гаргадаг байна.

Зэс хайлуулалт, бүс нутгаар

Цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэл. SX-EW (уусган хандлах-электролизийн арга) технологиор үйлдвэрлэдэг цэвэршүүлсэн зэсийн хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор дэлхийд үйлдвэрлэж буй цэвэршүүлсэн зэсийн 13 гаруй хувийг эзэлж байна. Технологи хөгжиж буй хэдий ч электролизийн аргаар зэсийн катод гаргаж авдаг үндсэн технологийг ашигласан хэвээр байгаа юм.

Цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ, технологи тус бүрээр

Дэлхийн зэсийн зах зээл дээр АНУ-аас гадна сүүлийн 10 жилийн туршид Чили болон Зүүн Өмнөд Азийн улс орнууд идэвхтэй гарч ирсэн бөгөөд сүүлийн 30 жилийн дотор Чили улс дэлхийн цэвэршүүлсэн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч гэсэн цолыг хүртээд байгаа юм. 2012 оны байдлаар Чилийн цэвэршүүлсэн зэсийн хэмжээ 1960 оныхоос 1858%-иар нэмэгджээ. Энэ хугацаанд Азийн цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл 2000 гаруй хувиар нэмэгдсэн нь Япон болон Хятадын үйлдвэрлэл огцом нэмэгдсэнтэй холбоотой.

Цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ, бүс нутгаар

Шинжээчдийн үзэж байгаагаар ойрын хэдэн жилд зэсийн үйлдвэрлэл нэмэгдсээр байх бөгөөд дэлхийн зэсийн компаниуд бараг бүгдээрээ зах зээлийн өрсөлдөөнийг ашиглахыг хичээж буй. Дунд хугацаанд энэхүү нөхцөл байдал нь дэлхийн зэсийн эрэлт хийгээд үнийг унагана гэжээ.

Metal Bulletin-ий мэдээгээр 2012 онд зэсийн эрэлтэд дараахь зүйлс онцгой нөлөөлсний дотор

Олборлож буй хүдрийн агуулга чанар огцом буурсан;
Гүний уурхайн олборлолт нэмэгдсэн учир үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэн;
Улс төрийн эрсдэл нэмэгдсэн – үүнд ихэнх шинэ ордууд улс төрийн тогтворгүй байдалтай гэж үздэг улс орнуудад байрласан;
Шинэ ордуудын байрлаж буй бүс нутаг дэд бүтэцгүй;
Ажиллах хүчний ажил хаялт, байгаль цаг уурын таагүй нөхцөл зэрэг богино хугацааны сөрөг хүчин зүйлс.

Дэлхийн зэсийн хэрэглээ 1960-2012 он

20-р зууны эхнээс цэвэршүүлсэн зэсийн эрэлт огцом өсч 2012 онд 20 сая тонн болсон байна. Дайны өмнөх жилүүдэд зэсийн эрэлт жилд дунджаар 3,1% нэмэгдэж байсан бол Дэлхийн II дайны дараа (1945-1973 онуудад) зэсийн эрэлт 4,5%-иар нэмэгдэж эхэлжээ. 1974 оноос буюу газрын тосны хямралын эхний жилээс зэсийн эрэлт саарч жилийн 2,4% болжээ. 1990-ээд онд эрэлт дахин нэмэгдэж 2,9 орчим хувь, 2000 оноос хойш 3 гаруй хувь болжээ.

Дэлхийн зэсийн хэрэглээний хэмжээ

Өнөөдрийн байдлаар цэвэршүүлсэн зэсийн үндсэн хэрэглэгчид нь Азийн хөгжингуй хийгээд хөгжиж буй орнууд (БНХАУ, Энэтхэг, БНСУ, Япон, Тайвань, Тайланд), Европын холбооны орнууд (Герман, Итали, Франц) болон АНУ юм. Гэхдээ дэлхийн томоохон эдийн засгуудын цэвэршүүлсэн зэсийн хэрэглээ аажмаар өсч байгаа нь Хятад, Энэтхэг, Япон зэрэг улс орнуудын хэрэглээнээс шууд хамааралтай.

Зэсийн хэрэглээний хэмжээ, бүс нутгаар

Зэсийн зах зээл бусад өнгөт металлын зах зээлийн адил циклийн хэлбэлзэлд ихээхэн өртдөг. 90-ээд оны дунд үед өнгөт металлын эрэлт, ялангуяа зэсийн эрэлт Азийн улс орнуудын хэрэглээнээс ихээхэн хамаарч байсан бөгөөд 1998-2002 онуудад эдгээр улс орнуудын эдийн засаг хямралтай, үйлдвэрлэгч нар нь томоохон төсөл хийгээд ордуудаа дарж, ихэнх компаниуд үйлдвэрлэлээ цомхотгож байв.

2002 онд цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл сүүлийн 20 жилийн хамгийн доод хэмжээнд очсон бол 2003 оноос энэхүү уналт хөгжингуй улс орнуудын эдийн засгийн өсөлтөөс болж зэсийн эрэлт нэмэгдэж эхэлсэн байна. Үүнд голлох үүргийг Хятадын огцом өссөн хэрэглээ гүйцэтгэсэн хэдий ч хойшлуулж байсан төслүүд огцом хүчээ авах боломжгүй, дээр нь олборлолтыг удаан хугацаанд өргөтгөх учир цаг хугацаа хэрэгтэй байв. Тиймдээ ч зах зээл дээр зэсийн хомсдол үүсч үнэ өссөн.

Үйлдвэрлэгчид энэ боломжийг ашиглан хуучин төслүүдээ үргэлжлүүлэх, шинэ орд, үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулах талаар ярьж эхэлжээ.

Дэлхийн зэсийн үнэ хийгээд биржийн нөөц

Өнгөрсөн оныг хүртэл тасралтгүй найман жилийн хугацаанд дэлхийн засийн үнэ амжилт тогтоосон өндөр түвшинд байсан бөгөөд 2012 онд Лондонгийн металлын бирж дээрх бэлэн зэсийн үнэ дунджаар 7950 ам.доллартай тэнцэж байв.

Дэлхийн зэсийн үнэ, ам.дол./т

Дэлхийн зэсийн зах зээлийн ирээдүй

ANZ-ийн шинжээчдийн таамаглалаар дунд хугацаанд дэлхийн зах зээл дээр зэсийн нийлүүлэлт хэт өндөр байснаас бол 2016 онд үнэ хамгийн бага байна гэжээ. Энд Африкаас олборлосон 0,5 сая тонн, Өмнөд Америкийн 0,4 сая тонн зэс нь дэлхийн зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнэ унахад нөлөөлөх бас нэг хүчин зүйл гэжээ.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна