Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс санаачлан, “Таван хувийн зээлийн хүү зөв нүүдэл мөн үү” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Б.Алтанцэцэг, Стратегийн үндэсний хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар оролцсон юм. Энд яригдсан мэдээ мэдээллийг багцлан хүргэж байна.
Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг 2012 оноос олгож эхэлснээр 75 мянган өрх орон сууцтай болсон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар өмнө нь наймаас дээш хувийн хүүтэй зээл авсан иргэдээс нийт 839.6 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй рүү шилжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 19 463 зээлдэгчийн нийт 583.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлсэн байна.
Мөн 2.28 их наяд төгрөгийн зээл авах өргөдөл банкуудад ирснээс 41 660 иргэнд 2.25 их наяд төгрөгийн найман хувийн хүүтэй зээл олгоод байгаа гэж Монголбанкны албан ёсны мэдээлэлд дурдсан байна.
Харин шинэ оны өмнөхөн дээрх зээлийг зогсоосон. Зээл зогссоноор нийгэмд хүлээлт үүсээд байгаа. Гэхдээ албаны эх сурвалжууд тухайлбал Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн бүх зээлийг таван хувийн хүүд шилжүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм.
Зээлийн хүү буурах нь ...
Найман хувийн зээл тав болж буурах нь тодорхой болсон.
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нэгдүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын тогтоолоор, 100 ам метр хүртэлх талбайтай орон сууц худалдан авах зээлийн хүүг таван хувиар тооцох болсон гэж мэдэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн. Гэхдээ нэмэлт журмуудыг нь боловсруулсны дараа зээл олгож эхэлнэ гэгдэж буй.
Үүнд Төрийн орон сууцны корпорацийн саналыг харгалзан үзэж Монголбанктай тохиролцсоны дагуу ирэх гуравдугаар сард таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлнэ гэж салбар яамнаас мэдээлсэн. Учир нь ипотекийн зээлийг цаашид хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Монголбанканд төвлөрсөн 1.8 их наяд төгрөгийн үнэт цаасыг хөрөнгөжүүлэн гаргаж, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх юм байна.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс сард 28 тэрбум, жилд 200-300 тэрбум төгрөг төвлөрдөг юм байна. Нийт зээлдэгчдийн хоёр хувь нь л найдваргүйд тооцогддог учраас төвлөрч буй мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд шилжүүлэх бүрэн боломжтой аж.
Эргэлзээ
Гэхдээ зарим асуудлууд нийгэмд эргэлзээ төрүүлж байгаа. Эн тэргүүнд орон сууцны зээлийн хүү буурснаар орон сууцны үнэ хөдөлгөөнд орох уу, өмнө нь найман хувийн зээлд хамрагдсан иргэд зээлийн хүү таван хувь болж буурах уу гэсэн асуултыг иргэд сонирхож байгаа.
Хамгийн гол асуудал бол наймаас тав болон буурах зээлийн хүү иргэдэд ашигтай байж чадах болов уу? Мэдээж өмнө нь найман хувийн зээл авч байсан болон одоо зээл авах иргэдэд хүү бага байх тусам санхүүгийн дарамт багасна. Гэхдээ хүү буурснаар далимдуулан орон сууцны үнэ өсөх вий гэсэн болгоомжлол байна.
Өмнө нь найман хувийн зээл хэрэгжиж эхлэх тэр үед эрэлт ихэсч орон сууцны үнэ огцом нэмэгдсэн. Үнийн асуудал зээлд дарамт болж байсан.
Нэгэнт өссөн ханш эргэн буурах нь үлгэр болдог. Тиймээс энэ удаа дээрх байдлыг халж үнийг тогтворжуулж өгөхийг иргэд хүсч байгаа.
Албаныхан хэлэхдээ орон сууцны үнэ нэмэгдэхгүй байх боломж бий гэсэн.
Тэгвэл эрэлт нийлүүлэлт үнэд шууд нөлөөлдөгбайна. Өмнө нь жилд 4000 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол сүүлийн хоёр жилийн хугацаанджилд 20 мянган орон сууц нийлүүлдэг болсон. Тиймээс орон сууцны үнэ цаашид өсөхгүй тогтвортой байх бололтой юм байна. Хэрэв хууль эрх зүйг зогсоосон шийдвэр гэнэт гаргаад үймүүлээд байх юм бол эрэлт хуримтлагдаад үнэт муугаар нөлөөлнө. Тэгэхээр барилгын салбарт санхүүгийн тогтвортой орчин хэрэгтэй ба жилд 20 мянган орон сууц бариад байвал үнэ тогтвортой, эерэг нөлөөтэй байна хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлсэн.
Арай ядан зээлээр байртай болох гэж байгаа иргэдийн нуруун дээр ачаа болж байгаа ганц зүйл бол үнэ. Тэгвэл холбогдох хүмүүсийн хэлж буйгаар орон сууцны үнэ өсөхгүй, үнийг тогтвортой байлгах бололцоотой гэж үзэж байна.
Түүнчлэн зээлийн 30 хувиа төлөх чадвартай хэсэг бараг дууссан, байраа авчихсан. Засгийн өнөөгийн хүндрэл нөлөөлж байна. Гэхдээ эрэлт, хүлээлт бол хэвээрээ. Ганцхан урьдчилгаа 30 хувь дээрээ л гацаж байна хэмээн банкныхан тайлбарлаж байна. Зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 болгон бууруулах, 20 хувьд нь засгийн газраас баталгаа гаргах асуудал шийдэгдээгүй байгаа. Тэгхээр зээлтэй холбоотой үлдсэн асуултуудын хариуг ирэх гуравдугаар сард хариултаа авах бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна