• Эхлэл
  • Р.Жигжид: Нефтийн үнийг тогтвортой байлгах бодлогоо хадгална

Р.Жигжид: Нефтийн үнийг тогтвортой байлгах бодлогоо хадгална

2016/01/22

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар Уул уурхайн сайд Р.Жигжидэд дэлхийн газрын тосны үнэ буурч буй хэдий ч дотоодын шатахууны үнийн зохицуулалт хийгээгүй шалтгаанаа тайлбарлах, үнийг  хөдөө орон нутгийн шатахууны үнийг хотынхтой ижил барих боломжтой эсэхийг судалж 2016 оны хаврын чуулганд багтаан танилцуулах асуулгыг өнгөрсөн оны 9-р сарын 1-ний өдөр хүргүүлсэн билээ. Үүнд Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр буюу 2016.01.22-ны өдрийн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд мэдээлэл өгсөн байна.

Р.Жигжид сайд “Газрын тосноо бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг Монгол Улсын хувьд төрөөс газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг хэвийн байлгах, нөөцийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлийн үнээр импортлох, гадаадын нэг нийлүүлэгчээс хэт хараат байдлыг бууруулах, улсын төсөвт хүндрэл учруулахгүй байх, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зэрэгт чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Шатахууны жижиглэнгийн үнэ нь хилийн үнэ, татварууд, үйл ажиллагааны зардал, ашиг зэргээс бүрддэг.

Сүүлийн үед шатахууны хилийн үнэ буурсантай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүүжилтийн дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үе шаттайгаар зогсоох арга хэмжээ авсан. Тухайлбал, Монголбакнаас үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад олгосон зээлийн хүү 3.8 хувь байсныг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 16-18 хувь болгосон. УИХ-аас 2015 оны Улсын төсвийн тухай хуулиар шатахууны гааль, онцгой албан татвараас төвлөрүүлэх орлогын хэмжээг тооцон баталсан. Үүнтэй холбогдуулан алслагдсан хөдөө орон нутгаас бусад төвийн бүсээр импортлогдож буй шатахууны онцгой албан татварыг Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоолоор тонн тутамд А-80 автобензинд 252.000 төгрөг, АИ-92 автобензинд 259.000 төгрөг, дизель түлшинд 265.000 төгрөгийн татвар тус тус ногдуулсан.

Түүнчлэн Засгийн газрын 2015 оны 65 дугаар тогтоолоор шатахууны гаалийн татвар нэг хувь байсныг таван хувь болгож нэмэгдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд орон нутаг дахь шатахууны үнийг бууруулах боломж нь гааль, НӨАТ, онцгой албан татвараар зохицуулах хэлбэрээр хязгаарлагдаж байна. Алслагдсан хөдөө орон нутгийн шатахууны үнийг бууруулах үүднээс манай улсын төвийн бүсийг хангаж буй гол хилийн боомтоос бусад боомтоор импортлож байгаа шатахууны онцгой албан татварын хувь хэмжээг “О” байлгаж ирсэн. Энэхүү ялгавартай татварын зохицуулалт нь дунд хугацаандаа үр дүнгээ өгнө гэж үзэж байна” гэв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Нефтийн үнийг бууруулах асуудлыг нэлээд хугацаанд ярьж байгаа. Нефть бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 80 хувиар буурч өнөөдөр нэг барелль нь 28 ам.доллар болсон байна. Иймд нефтийн үнийг бууруулах ямар боломж байна” гэдгийг  тодотгосон юм.

Уул уурхайн сайд Б.Жигжид “Өнөөдөр дэлхийн зах зээлийн нефтийн үнийн уналт маш олон хүчин зүйлээс хамаарч байгаагийн зэрэгцээ тогтворгүй хүчин зүйлүүд бас их байгаа. Бид үүнийг хараад шууд савлаад, дагах нь хэр зүйтэй вэ гэдэгт бодолтой хандаж байна. Олон улсын зарим байгууллагуудын хийж байгаа судалгаанаас үзвэл энэ жилийн хувьд нефтийн үнэ яльгүй өсөх хандлагатай байгаа ч  хэлбэлзэл нь хэвээрээ байж яваандаа өснө гэсэн таамаг бий. Тиймээс эдгээртэй уялдуулж үнээ тогтвортой байлгах, боломжтой үед нь буулгах, түүнчлэн улсын төсөвт татвараа татаж авах зэрэг асуудлуудыг шийдэж, энэ бодлогыг хэвээр авч явна” гэсэн тайлбар өгөв.

Англи эхийг энд дарж уншина уу

For Mongolian version please click here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна