Найман хувийн зээл тав болж буурах нь тодорхой болсон.
Гэхдээ нэмэлт журмуудыг нь боловсруулсны дараа зээл олгож эхэлнэ гэгдэж буй.
Үүнд Төрийн орон сууцны корпорацийн саналыг харгалзан үзэж Монголбанктай тохиролцсоны дагуу ирэх гуравдугаар сард таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлнэ гэж салбар яамнаас мэдээлсэн. Учир нь ипотекийн зээлийг цаашид хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Монголбанканд төвлөрсөн 1.8 их наяд төгрөгийн үнэт цаасыг хөрөнгөжүүлэн гаргаж, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх юм байна.
Үүнээс гадна арилжааны банкууд 2015 оны арванхоёрдугаар сард нийт 843 зээлдэгчид 46.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Арилжааны банкууд ипотекийн зээлээ түр зогсоох шийдвэрийг арванхоёрдугаар сарын 10-нд хэрэгжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 32.3 хувиар буурсан байна.
Харин өнгөрсөн долоо хоногт УИХ “Иргэний тухай хуульд нэмэлт оруулах”, “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах” тухай хуулийг баталснаар сар гаруй хугацаанд зогсоод байсан ипотекийн зээл цаашид хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдээд байна.
Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 2015 оны эцсийн байдлаар 3.4 их наяд төгрөгтэй тэнцэж байсан. Нийт зээлдэгчдийн тоо 77 мянгад хүрсэн ба үүний 55.8 мянга нь буюу 72.5 хувь нь орон сууцны найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэд байгаа аж.
Шинээр арванхоёрдугаар сард олгосон 46.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн 70.7 хувь буюу 33.1 тэрбум төгрөг нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн буюу найман хувийн хүүтэй зээл байсан байгаа. Харин ипотекийн зээлийн үлдэгдлийн үлдсэн 29.3 хувь буюу 13.7 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл байгаа болохыг Монголбанк мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна