Сонгуулийн жил эхэлж, улстөрчдийн идэвх сэргэж, заримдаа хошиг шогийн гэмээр үйл явдлууд Монгоолд өрнөж буй. Эх орондоо хязгааргүй хайртай хэмээн чээжээ дэлдэгчид борооны дараахь мөөг шиг олширч магадгүй зарим сонгогчдод сонголтоо хийхэд бэрхтэй ч болж байх шиг. Тэгвэл бас нэгэн сонирхолтой санаа илэрхийлсэн нийтлэлч Ц.Ганбатын нийтлэлийг INFOMONGOL.MN хүргэж байна.
Хорин мянган хувьсагчтай супер нэгдлийн томьёо
Сүүлийн үед эх орончийн тоо тэнгэрт гялалзах оддын тоотой жишихүйц болсон санагдаад байна. Эх орончид эх орончидтойгоо тэмцэлдээд, эх орончид нь эх орончдынхоо эх оронч бишийг гайхалдаад. Учрыг нь ч гүйцэж ойлгохооргүй болж. Үзэл бодол зөрөөд ам муруйвал хэн нь илүү эх орончоо үздэг болсон юм даг уу даа. Харамсалтай нь хэр эх оронч гэдгийг яг хэмжээд юм уу, жигнээд олчих боломжгүй болохоор, цаад утгаараа, хэн нь илүү эх оронч харагдах вэ гэдэг тэмцээн болж хувираад байгаа юм. Сонгуулийн жил болоод ч тэр үү, улс төрчдийн эх оронч, ард түмэнч зан тэнгэрт тулж, хайр нь далай мэт цалгилаад байгаа. Харин улс төрчдийг ойлгож, ялгаж салгах ухаан энгийн бидэнд дутаад байгаа. Ийм учраас Монголын “хамгийн ухаантай” хүн сонгуульд орох оруулах хүмүүсийг шүүж, нягталж хар, цагаан жагсаалтанд ангилж ялгах санаа гаргасан байх. Энэ нь удахгүй болох сонгуулийг угтсан, улс орныг хамарсан улс төрийн аян болон өрнөж, тархаж байна.
Улс төрийн үйл ажиллагаанд нь судлаачид үнэлгээ өгч рейтинг тогтоодог зүйл байж болно. Хэдэн хүн үзэл бодлыг нь дэмжиж байгаагаар хэмжчихдэг юм байна. Харин дээрх жагсаалтуудыг эх оронч, үнэнч шударга, зарчимч гэх мэт үнэлж, хэмжиждэггүй шалгуураар шалгах болоод байна. Хүн болгон өөрийн бодолтой, өөрийнхөө бодлыг зөв, бусдыг буруу, дутуу гэнэ. Энэ нь эцэстээ дуусашгүй хэрүүл болж, нийгмийг хагалан бутаргахаас хэтрэхгүй болоод байна.
Үүнийг яалтай билээ? Байгаад байж байг уу? Энэ талаар нилээд эрэлхийлэн судалж, тунгааж бодсоны эцэст би хүний эх оронч сэтгэл, шударга байдал, ард түмнээ хайрлах хайрыг (УТСХ – улс төрчийн сэтгэл ба хайр) хэмжих супер нэгдлийн томьёог гаргаж чадлаа. Энэ супер нэгдлийн томьёо уг нь 20 мянган хувьсагчтай боловч ноён Баярцогтоос өөр хүн бодож чадахгүй болчих учраас хувьчагчдыг орлуулж, хөнгөрүүлж гол хувьсагчдыг төлөөлүүлэн үлдээсэн билээ.
]
Энд
ТТ – улсад тушаасан татварын ХОМ-д ногдох итгэлцүүр
АТ – албан тушаал
ТХ – төсвөөс хулгайлсан, луйвардсан, залилсан хөрөнгө
dA – Авлигын дифференциал
dt – Цаг хугацааны дифференциал
Хөр -Өөрийн хөрөнгө, ил далд бүх хөрөнгөний нийлбэр
ХОМ- АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө оролгын мэдээлэгт мэдүүлсэн хөрөнгө
Эндээс дүгнэхэд, УТСХ буюу улс төрчийн сэтгэл, хайрын итгэлцүүрийг хялбархан бодож гаргаж болох ба үндсэндээ мөнгөн хувьсагчдаас бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрчийн эх оронч сэтгэлийг нь болон ард түмнээ хайрлах хайрыг нь мөнгөн хувьсагчдын итгэлцүүрээр хэмжих боломжтой нь батлагдаж байна. Сэтгэл ярьж байхад мөнгө ярилаа гэж намайг буруутгах хэрэггүй шүү. Шинжлэх ухаанчаар нээсэн томьёо юм шүү. Харин сонирхсон хүмүүст гаргалгааг нь үзүүлэхгүй бөгөөд энэ бол цэвэр шинжлэх ухааны нууц, мөн зөвхөн миний оюуны өмч.
Уг томьёог тайлбал, улс төрчийн эх оронч сэтгэл болон ард түмнээ хайрлах хайр нь тухайн хүний улсад тушаасан татварын нийлбэртэй шууд хамааралтай бөгөөд улсын төсвөөс хулгайлсан, хумсалсан хөрөнгөтэй сөрөг хамааралтай байна. Мөн нийт хөрөнгөнөөс нь ит тод мэдүүлснийг нь хассан буюу нуусан хөрөнгөтэй урвуу хамааралтай байна. Харин төсвөөс хулгайлсан хөрөнгийг ТХ буюу төсвийн хулгайг авалгийн шууд болон цаг хугацааны урвуу дифференциалыг тэгээс албан тушаалаар авсан интегралаар бодож гаргах юм.
Одоо бодоод үз, хариу нь хэд гарч байна?
Хэрэв хариу сөрөг тоо буюу хасах тэмдэгтэй гарсан бол Та засрашгүй авлигачин. Та ер нь хаана байх ёстойгоо мэдэж байгаа биз? Цаг хугацааны л асуудал шүү.
Харин 0 рүү тэмүүлж байвал бол Та улс төрөөс гарч бизнесээ хөөсөн нь дээр. Тэгэхгүй бол дээрх хариуг хар даа, “Гөлгөө яал аа?” гэдэг шиг болно шүү.
Хэрэв хариу нь Таны төлсөн татварын итгэлцүүрийн нийлбэртэй ойролцоо гарч байвал энэ бол итгэлтэй улс төрч. Шударга хүн. Татвараа үнэн мэдүүлж, зөв төлдөг. Таныг бол энэ сонгуульд дэмжинэ шүү.
Харин хариу татварын нийлбэр итгэлцүүрээс дээш гарч байвал Та адгийн худалч. Ядахдаа тоо зөв нэмж, хасаж чаддаггүй мангуу толгой. Юун улс төр вэ?
Нэг үгээр хэлэхэд, миний нээлтийн гол утга нь улс төрчийн ард түмнээ гэх сэтгэл, хайр нь өөрийнх нь төлсөн татвараас шууд хамаарна гэдэгт байгаа юм. Уг нь төр байхад татвар байдаг, төрсөн нь үнэн бол татвар төлөх нь үнэн гэх мэт үг байдаг. Хүн бүр л оногдсон татвараа төлөх учиртай. Гэхдээ улс төрчид “би Монголдоо Хөвсгөл далайгаас ч илүү гүн хайртай” гэхийн оронд “би тийм хөрөнгөтэй, түүнийхээ ачаар ийм татварт тушаалаа” гэдгийг нь сонсмоор байгаа юм. Амьдрал юм хойно, нуур шиг хөрөнгөнийхөө хажууд дусал шиг татвар тушаасан хүмүүс байж мэдэх юм. Тэгвэл тэр түүний хэр эх орончийг нь илтгэж байгаа хэрэг, ард түмнээ хайрлаж байгаа хэмжээ нь. Өөр юу гэж тайлбарлах билээ дээ?
Энэ томьёоны практик хэрэглэгээ нь , УИХ болон бусад төрийн албан тушаал хаагчид, улс төрийн намын гишүүдэд хамаарна. Өөрөөр хэлбэл, зөвхөн татвараа шударгаар төлдөг хүмүүсийг улс төрд оруулах хэрэгтэй. Өөрсдөө татвар төлдөг хүмүүс улсын төсвийг ёроолгүй мэт санаж цөлмөхгүй, бусдын татвараар цугласан хөрөнгийг аригтай, хэмнэлттэй царцуулах болно.
Ойлгоо? Ойлгоогүй нь цээжлээрэй.
Нийтлэлч Ц.Ганбат
Сэтгэгдэл байхгүй байна