Нийслэлийн хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ хүрээгээ тэлсээр байгаа. Энэ нь нийгэмд сөрөг нөлөөлөл үзүүлээд байгаа ба ямар ч хяналтгүй байна.
Тэр битгий хэл “Ломбард, хулгайч хоёр найзалсан” гэх яриа ч гараад байгаа. Мөн ломбард үйлчлүүлэгчээ луйвардах явдал гарч байна.
Үүнд тавигдах хяналт сул байгаа нь нийгэмд сөрөг нөлөөлөл бий болгож байгаа юм. Тэгвэл дээрх замбараагүй байдлыг цэгцлэхээр болсон байна. Тодруулбал:
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэсэн албан ёсны нэртэй ломбардуудад тавих шаардлагыг өндөрсгөж, тусгай зөвшөөрөл авч байж эрхлэх эрх зүйн зохицуулалтыг хийхээр болжээ.
Банк, санхүүгийн байгууллагууд зээл олгохдоо өндөр шаардлага тавьдаг, олон төрлийн баримт бичиг шаарддаг, зээлийн судалгаанд хугацаа их зарцуулдаг зэрэг нь иргэдэд хүндрэлтэй байдаг. Тиймээс зах зээлд ломбард буюу барьцаалан зээлдэх газрын эрэлт, хэрэгцээ байсаар байна.
Гэвч энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоогоогүй, барьцаалан зээлдүүлэгчийн хөрөнгө, олгож буй нийт зээлийн хэмжээ тодорхойгүй, уг үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих эрх зүйн зохицуулалт байхгүй нь ажиллагаа эрхлэгчид татвар төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг.
Мөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны талаар иргэдээс Хүний эрхийн комисс болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ломбардууд иргэдийн хөрөнгийг бага үнээр барьцаанд авдаг, барьцаалсан эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал хангалтгүй, хүү болон хугацааг дураараа тогтоодог, барьцааны хугацаа дуусахад барьцаалсан эд хөрөнгийг борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй зэрэг гомдол гаргадаг.
Иймд ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслүүдэд Санхүүгийн зохицуулах хороо нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх журмыг батлахаар тусгажээ.
Сэтгэгдэл байхгүй байна