Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад арав хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхаар заасан.
Энэ дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг 1-5 дугаар ангийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч хэвшихийг даалгасан байна.
Хуулийн заалтыг сургуулийн дотоод журам, сургуулийн захиргаа, эцэг эх, багшийн гурвалсан гэрээнд тусгахыг үүрэг болгосон байна.
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр яаралтай авах арга хэмжээний талаар Нийслэлийн боловсролын газрын даргын албан даалгавар гарч, дээрх шийдвэрийг гаргасан.
Мөн сургуулийн орчинд хүүхдүүдийн өртсөн зам тээврийн ослын талаар нарийвчилсан судалгаа гаргах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг ирэх сарын 1-нээс өмнө боловсруулж, хэрэгжилтийг хангахыг даалгасан байна.
Цаашид сургуулийн орчинд гарсан зам тээврийн ослын судалгааг сар бүрийн 25-нд гаргаж байхыг холбогдох газруудад үүрэгджээ.
Сургуулиуд нийтийн тээврээр зорчдог сурагчдын судалгааг хоёрдугаар сарын 8-ны дотор гаргаж дүүргийнхээ боловсролын хэлтэст хүргүүлэх юм байна. Нэгдсэн дүнг дүүргүүдийн боловсролын хэлтэс ирэх сарын 15-н гэхэд танилцуулах аж.
Бага насны хүүхэд зам хөндлөн гарахад багш, эцэг эх, асран хамгаалагч, жолооч нар анхаарах хэрэгтэй. Мөн сургуулийн ойролцоох авто зам дээр хурд хязгаарлагчыг байрлуулж өгөх нь ихээхэн ач холбогдол үзүүлнэ.
Сэтгэгдэл байхгүй байна