• Эхлэл
  • Орон сууцны түрээсийн үнэ 200-280 мянган төгрөг болно

Орон сууцны түрээсийн үнэ 200-280 мянган төгрөг болно

2016/01/27

52 тэрбум төгрөгийг түрээсийн орон сууцыг худалдан авахад зориулж төсөвлөсөн

Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжсэнээр түрээсийн үнэ Улаанбаатарт сард 200-280 мянган төгрөг болно хэмээн албаныхан ярьж байна.

Өнөөдрийн байдлаар 40 гаруй мянган иргэн түрээсийн орон сууцанд амьдарч байгаа ба одоогийн байдлаар 2021 он хүртэлх хугацаанд 20 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд Төрийн орон сууцны корпорацийн 929 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр болоод байгаа.

Энэ оны төсөвт 52 тэрбум төгрөгийг дээрх орон сууцыг худалдан авахад зориулж төсөвлөсөн ба барилгын салбарын хувийн компаниуд тодорхой нөхцөлтэйгөөр түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.

Одоогоор хэд хэдэн газраас түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах сонирхлоо илэрхийлсэн. Мөн иргэд түрээсэлж буй орон сууцаа ипотекийн зээлээр худалдаж авах нөхцөлийг судалж байгаа аж.

Түрээсийн орон сууцны төлбөр өрхийн сарын орлогын 25 хувиас хэтрэхгүй

ТОСК-ийн 929 айлын орон сууцыг төр худалдаж авснаар иргэдийг зах зээлийн ханшаас 3-4 дахин хямд үнээр түрээсийн орон сууцаар хангах боломжтой болно гэж үзэж байна.

Энэ нь 30-50 ам.метр талбайтай түрээсийн орон сууцны төлбөр тухайн өрхийн сарын орлогын дөрөвний нэгээс буюу 25 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан аж. Түрээсийн ханш Улаанбаатарт нэг сарын 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоогоод байна. Ханш, өрхийн дундаж орлогын мэдээлэлтэй уялдаж жил бүр шинэчлэгдэж байхаар тусгасан байна.

Түрээсийн байранд хамрагдах журмыг энэ оны эхний улиралд багтаж батлуулахаар ажиллаж байгаа гэж салбарын яамнаас мэдээлсэн.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна