• Эхлэл
  • С.Эрдэнийн эмчилгээнд 190 сая төгрөг шаардлагатай

С.Эрдэнийн эмчилгээнд 190 сая төгрөг шаардлагатай

2016/01/28

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ БНСУ-ын “Hangang soo” эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. С.Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” компани ажилчдын шаардлагыг хүлээж авахгүй байгааг эсэргүүцэж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ өөрийгөө шатаахыг оролдож, түлэгдсэн. Бензин асааж гал тавьснаас биеийн 40 хувь гуравдугаар зэргийн түлэгдэлттэй, Монголд эмчлэх боломжгүй учраас БНСАУ-д эмчлүүлж буй юм. Түүний эмчилгээний зардалд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани боломжит бүх хэлбэрээр туслана гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн фейсбүүк хаягаар

“"Hangang-Soo" эмнэлэг С.Эрдэнийн эмчилгээг зогсоож үлдэгдэл төлбөрийг заасан хугацаанд барагдуулахгүй бол шүүхэд хандахаа мэдэгдлээ. “Эрдэнэс Тавантолгой” компаниас эмчилгээний төлбөрийн үлдэгдлийг олгоогүйгээс С.Эрдэнийн эмчилгээг зогсоохоор болсон”

“Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш түүний Солонгос дахь эмчилгээ эхэлсэн бөгөөд одоо эмчилгээний нийт төлбөр 130 гаруй сая вон болоод байна. Гэвч "Эрдэнэс Тавантолгой" ХК оны өмнө 32.490.000 воныг эмчилгээний төлбөрт шилжүүлснээс хойш дахин хийгээгүй тул эмчилгээг ийнхүү зогсоожээ” гэсэн мэдээллүүд тархаж, С.Эрдэнэ эмчилгээний төлбөрөө төлж чадаагүйгээс Өмнөд Солонгосын шоронд ч орж магадгүй нь гэж сошиалаар халаглаж байсан.

Тэгвэл үүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс

““Hangang-Soo” эмнэлгээс шүүхэд хандсан тухай бидэнд ямар нэгэн мэдээлэл, албан бичиг ирүүлээгүй. Тус эмнэлгийн зүгээс С.Эрдэнийн эмчилгээний үлдэгдэл төлбөр /ойролцоогоор 190 гаруй сая төгрөг/-ийг нэмж төлөхийг хүссэн нэхэмжлэх ирүүлснийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь С.Эрдэнийн эрүүл мэндийн байдалд тухай бүрт нь анхаарал хандуулж ирсэн төдийгүй уг асуудлаар “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажилласаар байгаа” гэх хариу мэдэгдэл гаргажээ.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Үлийгээ хийж өөрийгөө шатаасан юм албатай юм шиг мөнгө нэхээд
    2016 оны 02 сарын 01