Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
“Сентерра гоулд”-ын зээлийн хүлээлт
-Өнөөдөр Гацууртын асуудлыг Монголын УИХ, “Сентерра гоулд”-ийн зээлийг ЕСБХБ хэлэлцэж байна-
Өмнө нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх байсан ч тав хоногоор хойшлогдсон Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийн талаарх болон Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудлыг өнөөдөр буюу пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой.
Олон нийтийн дунд хүлээлт үүсгэж багагүй маргаан дэгдэж буй Гацууртын орд газрын асуудлыг өмнө нь УИХ-ын чуулганаар хоёр ч удаа хэлэлцэхээр байсан ч хойшлуулсан Өнгөрсөн долоо хоногийг пүрэв гаригийн чуулганаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудалтай зэрэгцэн МАН-ын бүлгийн гишүүд хурлыг орхин гарснаар Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.
Харин ийнхүү хойшлуулсан асуудлыг Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ /-ны зээлтэй холбон тайлбарлах сэжим байна. “Сентерра Гоулд” компани ЕСБХБ-наас 150 сая ам.долларын зээл авахаар хүсэлт гаргаад буй. Энэхүү зээлийн асуудлыг Лондон дахь ЕСБХБ –ны Захирлуудын зөвлөл нэгдүгээр сарын 23-нд хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан. Үүний дараа мөн асуудлыг хэлэлцэхээ нэгдүгээр сарын 27-нд хэлэлцэнэ гэсэн тов гарсан байлаа. ЕСБХБ-ны албан ёсны вэб сайтад “Сентерра гоулд”-ын зээлийн асуудлыг хэлэлцэх гэж товлосон ч хэлэлцэн шийдвэрлэсэн эсэх талаар ямар нэгэн мэдээлэл тавиагүй байна. Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас бид энэ талаар тодруулахад мөн вэб сайтын хэмжээнд мэдээлэлтэй байгаа бөгөөд цагийн зөрүүнээс шалтгаалан мэдээлэл лавлах боломжгүй байна хэмээсэн юм. Тэгэхээр одоохондоо энэ зээлийн асуудлыг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байна.
Харин яг ийм нөхцөл байдалд өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Гачууртын орд газрын асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна. Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс “Сентерра Гоулд”-ийн зээлийн гол барьцаа нь Гацууртын орд. Гацууртын ордоор барьцаалан зээл авснаар санхүүгийн хүндрэлээ шийдэж гэж оролдож байна гэж тайлбарлаж байсан. Тухайлбал, Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн Ц.Туяацэцэг энэхүү 150 сая ам.долларын зээлэнд Монголын улстөрчдөд өгөх авлигаа 1,5 сая долларын томилолт, үйл ажиллагааны нэрээр суулгасан байгаа гэж өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдэгдэж байсан юм.
Мөн тэрээр Greensosmn Mongol пэйж хуудсанд “Өнөөдөр Лондонгийн ЕСБХБанкны төв офист Гацууртын орд болон зарим лицензүүдийг барьцаалан “Сентерра гоулд” компанид 150 сая ам.доллар санхүүгийн өрийн зээл олгохоор хуралдаж байгаа. Дээрхи асуудлаа Захирлын зөвлөлийн 24 захиралд майл явуулсан ч алдаа заагаад хүлээн авахгүй байна” гэж өчигдөр мэдээлсэн байна.
Ийн Гацууртын ордыг Монголын УИХ-аар хэлэлцэх болон ЕСБХБ-ны Захирлуудын зөвлөлөөр зээл хэлэлцэхтэй цаг хугацааны хувьд давхцаж байгааг иргэний нийгмийн байгууллагынхан онцгой анхаарахыг сануулж байна.
Нөгөө талаас , ЕСБХБ-ны хувьд Гацууртын ордын асуудал УИХ-аар дэмжигдэх эсэхийг харзнаж байх ч магадлалтай. Журмын дагуу бүлгүүд дахин гурав хоногийн завсарлага авах боломжтой юм.
А.ТУЯА
Нэмэлт мэдээлэл: 2016.01.28-ны 20.00 цагийн байдлаар УИХ-ын чуулганаар Гацууртын ордын асуудлыг УИХ-ын чуулган болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцээгүй байна. УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүн Г.Уянга нарын өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэний дараа бусад асуудлуудыг хэлэлцэх учраас өнөөдөртөө Гацууртын ордын талаар хэлэлцэж амжих эсэх нь тодорхойгүй байна.
Англи эхийг энд дарж уншина уу
For Mongolian version please click here
Сэтгэгдэл байхгүй байна