УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компани нь ОХУ-ын “Интер РАО ЕЭС” компаниас цахилгаан эрчим хүч худалдан авч Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан түгээх сүлжээ комданиудад бөөний үнээр дамжуулан борлуулдаг байна. Баруун бүсийн эрчим хүчний системээр 2014 онд 100.8 сая кВт.ц, БНХАУ-аас 5.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч импортолж, “Дөргөн” УЦС 39.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн баруун гурван аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан байна.
Тус компани нь ОХУ-аас 1 кВт цахилгаан эрчим хүчийг 2.6 рублиэр худалдан авч Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж өгсөн 1 кВт цахилгаан эрчим хүч борлуулах бөөний үнэ тарифын дагуу “Увс ЦТС” ХХК-д 45.55 төгрөг, “Ховд ЦТС” ХХК-д 52.47 төгрөг, “Баян-Өлгий ЦШСГ”-т 49.4 “Алтай-Улиастай ЭХС”-д 86.59 төгрөг тус тус мөрдөн ажиллаж байгаа аж.
Мөн “Дөргөний УЦС” ХХК-иас 1 кВт цахилгаан эрчим хүчийг 32.11 төгрөгөөр худалдан авч түгээх сүлжээнүүдэд бөөний үнэ тарифаар тооцон борлуулдаг. БНХАУ-аас 1 кВт цахилгаан эрчим хүчийг 0.65 юаниар худалдан авдаг байна. Түгээх сүлжээ компаниуд айл өрхөд 86.8 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагад 124.2 төгрөгөөр тус тус борлуулдаг.
Тус компанийн импортоор авч байгаа цахилгааны өөрийн өртөг нь хэрэглэгчдэд борлуулж буй үнээс өндөр байдаг тул алдагдлыг улсын төсвөөс татаас өгч санхүүжүүлдэг байна. Гэсэн хэдий ч импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон НӨАТ нь энэ татааст тусгагдаагүйгээс эх үүсвэргүй өр үүсдэг байна. Нөгөө талдаа баруун гурван аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсч байгаа аж. Ийн учир Засгийн газар “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компанийн ОХУ, Хятад улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна