• Эхлэл
  • Барилгын хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага тооцно

Барилгын хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага тооцно

2016/02/03

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Барилгын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн.

Төсөлд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, тухайн барилга байгууламжийн барилгын ажилд  зөвшөөрөл олгох асуудлыг ангилалтай байхаар, мөн барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байх, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах, барилгын ашиглалтад хяналт тавих үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хэрэгжүүлэхээр тусгасан байна.  Бүртгэлийг цахим хэлбэрээр гүйцэтгэж нийтэд нээлттэй байлгахаар зохицуулсан аж.

Түүнчлэн барилгын үйл ажиллагааны мэргэжлийн оролцогчдын эрх үүргийг тогтоох, даатгалд хамруулах, барилгын салбарын мэргэжилтнийг бүртгэж гэрчилгээ олгох, барилгын компанийг бүртгэх, барилгын хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага тооцох харилцаа зэргийг тус бүр оруулж өгсөн байна.

Хууль батлагдсанаар барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хугацаа одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуультай харьцуулбал бараг 9 дахин, гарын үсгийн тоог 3.5 дахин багасна хэмээн үзэж байгаа аж. Барилга барих тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод шийддэг болох нь.

Үүнээс гадна 2012-2016 оны хооронд 14 мянган өрхийг дахин төлөвлөлтөд хамруулж орон сууцжуулсан байна. Цаашид Улаанбаатар хотын нийт газар нутгийн 54.9 хувийг хамарсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтөд хамруулж чадвал иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээр хангагдана.

Дээрх төсөлд таван мянга орчим га талбайг дахин төлөвлөлтөд хамруулахаар ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаас одоогоор 24 байршилд иргэдийн санаачилга, оролцоонд тулгуурлан тохиролцох, зөвшилцөх замаар төслийн ажлын үр дүн сайн байгаа аж.

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна