БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз олгох журамдаа энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зарим нэгэн процедурын шинжтэй өөрчлөлт оруулжээ.
Тус улс руу зорчих виз олгох ерөнхий журам хэвээр боловч олон удаагийн болон оюутны визээр зорчигчдод хөнгөлөлт үзүүлэхээр тогтсон байна.
Үүнээс гадна БНСУ руу сүүлийн хоёр жилийн дотор дөрвөн удаа зорчсон болон тус улсад хугацаа харгалзахгүйгээр нийтдээ тав болон түүнээс дээш удаа зорчсон иргэдэд олон удаагийн виз мэдүүлэх эрх нээгдсэн аж.
Мөн 60 хоногоос дээш хугацаагаар Солонгос улс руу зорчсон иргэд ямар шалтгаанаар байсан тухайгаа албан ёсоор баталгаажуулах хэрэгтэй юм байна. Ингэснээр хугацаа алдаж хүлээлгүй дараагийн визээ мэдүүлж болох аж.
Ингээд хөнгөлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
- БНСУ руу зорчих олон удаагийн визийг 6-7 шалгуур үзүүлэлтээр 1-3 жилийн хугацаатай олгодог. Шалгуур үзүүлэлт дотор олон удаагийн виз мэдүүлэгч нь сүүлийн хоёр жилийн дотор OECD-ийн гишүүн 30 орнуудаас хоёрт нь зорчсон байх гэсэн шалгуур байдаг аж. OECD-ийн гишүүн улс орнуудад хөгжлийн тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн 30 орон багтсан бөгөөд эдгээр орнуудаас сүүлийн хоёр жилд хоёр улсад заавал зорчсон тохиолдолд хөнгөлөлт үзүүлж, дээрх 30 орны аль нэгд нь зорчсон байхаар шалгуурыг хөнгөвчилсөн байна. Ингэхдээ сүүлийн хоёр жилд гэсэн хугацаа заасан заалтыг ч авчээ. Ердөө дээрх орнуудын аль нэгд нэг удаа зорчсон байхад та БНСУ руу зорчих олон удаагийн виз мэдүүлэх эрх үүсэх аж.
- БНСУ руу зорчих олон удаагийн виз мэдүүлэгч сард хоёр сая төгрөгөөс багагүй хэмжээний цалин бүхий татвар төлөгч байх ёстой гэсэн шалгуур бий. Тэгвэл виз мэдүүлэгч нь тогтвортой ажиллаж буй их дээд сургуулийн багш, профессор, эмч, өмгөөлөгч зэрэг мэргэжлийн хүмүүс байх аваас цалин нь хоёр сая төгрөг байхыг заавал шаардахгүйгээр хөнгөлөлт үзүүлжээ. Энэ нь нэр заасан мэргэжлийн хүмүүсийг санхүүгийн болзлоос чөлөөлж, цалин нь хоёр сая төгрөг хүрэхгүй ч виз мэдүүлэх эрхийг олгохоор болсон.
- Оюутнуудад хаягласан хөнгөлөлт нь БНСУ-ын их дээд сургуульд суралцагч оюутны гэр бүлийнхэн, аав ээж нь тодорхой хэмжээний санхүүгийн батлан даалт гаргадаг. Хэлний бэлтгэл, курст суралцаж буй бол 7000 ам.доллар, их дээд сургуулийн оюутан бол 15 000 ам.долларын батлан даалт гаргадаг. Тэгвэл БНСУ-д суралцагч оюутан БНСУ-ын тэргүүлэх 46 сургуульд суралцаж буй дээрх санхүүгийн батлан даалтаас чөлөөлөгдөх шийдвэрийг БНСУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан байна.
Сэтгэгдэл байхгүй байна