Сар шинийн баяр болоход ердөө гурван хоног үлдлээ. Яг энэ үеэр иргэд баярынхаа бэлтгэлийг хангах гээд завгүй байгаа ба томоохон худалдааны төвүүд хөл гишгэх зайгүй болжээ.
Мөн наймаачид бараа бүтээгэдхүүнийхээ үнийг нэмээд байгаа нь иргэдийн хувьд тийм ч таатай биш байгаа. Үзэсгэлэн худалдаа гэх нэрээр бараа бүтээгдэхүүний үнийг хямдруулж агуулахын үнээр худалдаалж байгаа гэх боловч бодит байдал дээр эсрэгээрээ байгаа аж.
Үүнээс гадна Хятадын болсон болоогүй бараа оруулж ирсээр байгаа тул иргэд худалдан авалт хийхдээ анхааралтай байхыг холбогдох албаныхан зөвлөж байна. МХЕГ-аас үүнд хяналт тавьж ажиллаж байгаа ба хэд хэдэн зөрчил илрүүлж мөнгөн торгууль ногдуулсан байна.
Тодруулбал: “Ханбо” нэрийн хатаасан жимсийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн сорилтоор эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж дүгнэсэн тул худалдаан авахгүй байхыг анхааруулж байна.
Аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу “Нарантуул трейд” ХХК-ийн “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлд байрлах 356, 358, 376, 378 павилонуудад шалгалт хийж, гарал үүсэл нь тодорхойгүй, хилийн хяналт шалгалтанд хамрагдаагүй, шинжилгээ баталгаажилтгүй дээрх нэрийн бүтээгдэхүүнийг авч шинжилсэн байна.
“Ханбо” гэж нэрлэгдэх “Шинжин шилдэг хүнс” нэрийн жимсний хатаамал нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй, хаяг шошго нь хятад хэл дээр бичигдсэн, мэдээлэл дутуу, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор дагалдах бичиг баримтгүйгээр хилийн мэргэжлийн хяналтын болон гаалийн хяналт шалгалтад хамрагдаагүй, Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж импортлоогүй, импортлогч нь тодорхойгүй, хүнсний худалдаа эрхэлж буй иргэд нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй зэрэг зөрчлүүд мөн илэрсэн байна.
Шалгалтаар “Шинжин шилдэг хүнс” нэрийн нийт 310 уут 376.8 кг 1435600 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, зөрчил гаргасан этгээдүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулжээ. Энэ мэтчилэн зөрчил байгаа тул дээрх хатаасан жимсийг худалдан авахгүй байхыг МХЕГ-аас зөвлөж байна.
Сэтгэгдэл байхгүй байна