• Эхлэл
  • Өнөөдөр Гэгээн хайрын өдөр

Өнөөдөр Гэгээн хайрын өдөр

2016/02/14

Гэгээн Валентины өдөр буюу дурлалт хосуудын өдрийг хоёрдугаар сарын 14-нд дэлхийн ихэнх орнуудад тэмдэглэдэг. Энэ өдөр хайртай дотны хүмүүстээ ихэвчлэн зүрхэн хэлбэртэй чихэр, шоколад, бөмбөлөг, цэцгийн баглаа, хайраа илэрхийлсэн шүлэг тэрлэсэн ил захидал бэлэглэдэг байна. Монголчуудын хувьд Гэгээн хайрын өдрийг хожуу тэмдэглэж эхэлсэн ч залуусын хувьд онцгойлон тэмдэглэдэг өдөр болоод байгаа. Зарим нэгэн хүмүүс Христийн шашны баярыг өргөн тэмдэглэх болов гэж шүүмжилдэг боловч залуус хайр сэтгэлээ илэрхийлэх энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэсээр байгаа билээ. Валентины хэмээх энэ өдрийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Түүх

Гэгээн Валентины баярын өдрийг хоёрдугаар сарын 15-ны өдөр тэмдэглэдэг байсан нь эртний Ромын хайр дурлалын тэнгэр Juno Februata болон Фавна бурхныг магтан дуулдаг ургацын баяраас эхтэй гэж үздэг. МЭ 494 онд Хамба лам I Геласий энэ баярыг хориглосон ажээ. Дундад зууны сүүлээр Ромын эзэн хаан II Клавдийд эхнэргүй, гэр бүлгүй эрчүүд дайны талбарт илүү эрэлхэгээр тулалдана гэж үзэн цэргийн насны эрчүүдийг гэрлэхийг хориглосон гэдэг. Харин Валентин хэмээх жирийн нэг цэргийн эмч, санваартан дурлалт хосуудад тусалж, хосуудын гэрлэлтийг нууцаар баталдаг байжээ. Валентиныг үүнийх нь төлөө шоронд хорьж цаазлахаар болсон гэдэг.

Тэрээр шоронд байхдаа харгалзагчийн охин Юлиятай танилцсан бөгөөд цаазаар авахуулахынхаа өмнө хайртай бүсгүйдээ зүрхэн хэлбэртэй захиан дээр дурлалаа мөнхөлж “Чиний Валентин” гэж гарын үсэг зурсан байжээ. Түүнийг 269 оны хоёрдугаар сарын 14-нд цаазалсан гэж тэмдэглэн үлдээжээ. Ийн хайртай хосуудын гэрлэлтийг хууль цаазнаас айлгүйгээр баталгаажуулж байсан Валентин ламын гэгээн дурсгалыг хүндэтгэн залуу хосууд хайр сэтгэлээ энэ өдөр баталгаажуулдаг болсон бөгөөд Гэгээн хэмээн санваартан агсныг өргөмжлөх болжээ. 

Баярын билэг тэмдэг – зүрхэн хэлбэртэй ил захидал

Хамгийн анхны зүрхэн хэлбэртэй ил захидлыг Францын Орлеаны гүн 1415 онд бичсэн гэдэг. Тэрээр шоронд сууж байхдаа  эхнэртээ хайр сэтгэлээ илчлэн зүрхэн хэлбэртэй цаасан дээр захидал бичдэг байсан ажээ.

Хаана, хэрхэн тэмдэглэдэг вэ?

18-24 насны залуус энэ баярыг их тэмдэглэдэг учир Валентины гэх бэлэгнүүдийн маркетингийг залууст чиглүүлэн хийдэг болсон нь барааны борлуулалттай шууд холбоотой. Ингээд дэлхийн улс орнуудад Гэгээн Валентины өдрийг хэрхэн тэмдэглэдэг талаарх мэдээллийг хүргэж байна. 

Их Британи

XIX зуунд зүрхэн хэлбэртэй их захидал бичих нь мода болсон төдийгүй англи бүсгүйчүүд цонхоор харж ирээдүйн нөхрөө мэргэлдэг байжээ.

Дани

Хайртай хүмүүстээ хатаасан цагаан цэцэг бэлэглэдэг

Франц

Үнэт эдлэл бэлэглэдэг заншилтай

Орос

1990-ээд оноос Оросын дээдсүүд болон баячуул тэмдэглэж эхэлсэн бөгөөд өөрийн гараар хийсэн бэлгээ бэлэглэх нь олонтаа.

АНУ

Анх 1777 онд энэ баярыг тэмдэглэсэн бөгөөд XX зуунаас эхлэн маш үнэтэй марципан шоколад бэлэглэх болжээ. АНУ-ын ил захидлын холбооны мэдээллээр зул сарын ил захидлын дараа хамгийн их борлуулалттай нь Валентины мэндчилгээнүүд байдаг байна.

Саудын Араб

Гэгээн Валентины өдрийг тэмдэглэхийг хориглодог бөгөөд тэмдэглэвэл ихээхэн хэмжээний торгуультай

Япон

XX зууны 30-аас оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд япончууд анхлан нэг нэгэндээ чихэрлэг бэлэг бэлтгэдэг байсан бөгөөд энэ баярыг ашиг олох зорилготой болгосноос хойш шоколад бэлэглэдэг болжээ. Бүсгүйчүүд зөвхөн дурлалт залуудаа биш мөн найз нөхөддөө бэлэг барьдаг.

Монголчуудын хувьд 20 гаруй жилийн өмнөөс энэ баярыг тэмдэглэх болсон гэж хэлэхэд буруутахгүй байх. Өдгөө Валентины баяр монголчуудын бүгдийн сайн мэдэх баяр болсон. Бусад олонх улсын адилаар зүрхэн хэлбэртэй шоколад, амьд цэцгийн баглаа эрэлт ихтэй байдаг болсноос Валентины баярын гол бэлэг гэж үзэхэд болох талтай. Үйлчилгээний байгууллагууд Валентины баярт зориулсан багцын худалдаа, урлаг соёлынхон тэр тусмаа хошин шогийн продакшнууд зөвхөн энэ өдөрт зориулсан тоглолтууд зохион байгуулах болсноос монголчуудын хувьд нэлээд эрэлт хэрэгцээ ихтэй баяруудын нэг болсныг харуулж байгаа юм. 


Сэтгэгдэл байхгүй байна