Монгол банкны албан ханшаар нэг ам.доллар 2019.42 төгрөгт хүрсэн байна. Харин арилжааны банкуудад нэг долларыг зарах ханш 2024 төгрөгтэй тэнцэж байна. Ноён долларын ханш оны сүүлээр 2000 төгрөгийг давсан.
Тэгвэл он гарсаар сүүлийн нэг сар гаруй хугацаанд долларын ханш ийнхүү төгрөгийн эсрэг хүчээ авч байна. Оны эхэнд 2003 төгрөгтэй тэнцэж байсан ханш ийнхүү 16 төгрөгөөр өсчээ.
Гэхдээ эдийн засагчид ам.долларын эсрэг төгрөгийн ханш цаашдаа харьцангуй тогтворжих нөхцөл бүрдсэн гэж онцолж байна.
Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ нэмэгдсэн бөгөөд үүнийг дагаад валютын нөөц өсч буй аж. Түүнчлэн төлбөрийн тэнцэл 2015 оны жилийн дүнгээрээ 150 орчим сая ам.долларын алдагдалтай гарчээ. Өмнө нь энэ алдагдал сард 300 сая ам.долларт хүрдэг байсан.
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монгол банк 2023.20 төгрөгийн нэг ханшаар 19.3 сая ам.доллар, 310.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 24.0 сая юань нийлүүлжээ.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 99.15 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монгол банкнаас нийт 99.15 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна