• Эхлэл
  • ”Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг болж байна

”Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг болж байна

2016/02/18

Уул уурхайн яамнаас жил бүр уламжлал болгон зохиодог  “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Корпорэйт зочид буудалд болж буй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Уул уурхайн сайд Р.Жигжид,Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Др. Ш.Ханселманн нар оролцож үг хэллээ.

Энэ жилийн хувьд уул уурхайн салбарын голлох хуульд өөрчлөлт оруулсан онцлогтой жил. 2014 оны нэгдүгээр сард баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн дагуу Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулсан. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг тусад нь батлуулсан. Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан гээд эрх зүйн хувьд томоохон шинэчлэл хийсэн хэмээн оролцогчид онцолж байна.

Харин энэ удаад “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” сэдвийг голчлон хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн үйл ажиллагаа явуулахад орон нутгийн иргэдтэй түншилж, хамтран ажиллах, энэ салбарын хөгжлөөс аль аль тал хувь хүртэх боломжийн талаар хэлэлцэж байгаа юм.

Уулзалт хэлэлцүүлгээр 2015 онд уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар танилцуулж уул уурхайн салбарын өнөөгийн байдал, орон нутгийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, уул уурхайн салбарын хөгжилд орон нутгийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн талаар ярилцав. 

Мөн “Орон нутгийн цогц хөгжил–түншлэл” төслийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй компаниуд орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллах талаар төслийн баг болон Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудын  төр, төрийн бус байгууллага, жижиг, дунд үйлдвэрийн төлөөлөлтэй санал солилцох ажээ.


Сэтгэгдэл байхгүй байна