Улаанбаатар хотын ДЦС-4-ийн үр ашгийг дээшлүүлэх төслийн ажиллагааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Шангри Ла Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд боллоо.
Монгол Улсын эрчим хүчний системийн 70 орчим хувийг дангаараа хангаж буй ДЦС-4-ийн үр ашгийн дээшлүүлэхийн тулд Японы Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагийн санхүүжилтээр 4,2 тэрбум иений төсөл хэрэгжүүлэхээр 2013 оны арваннэгдүгээр сард зээлийн хэлэлцээр байгуулсныг 2014 оны нэгдүгээр сард УИХ соёрхон баталсан.
Төслийн гүйцэтгэгч шалгаруулах олон улсын нээлттэй тендерт хоёр багц ажлыг санал болгосон бөгөөд эхний багц ажилд Японы “Yokogoawa” компани, хоёр дахь багц ажилд Японы “MHPS” компанийн ахалсан консорциум шалгарчээ.
Дээрх хоёр багц ажил хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ДЦС-4-ийн уурын турбиний механик тохируулгын системээс хамарсан зогсолт 100 хувь буурах бөгөөд цахилгаан эрчимт хүч үйлдвэрлэлтийн хэмжээ 2019 он гэхэд 18 хувиар нэмэгдэж, нүүрсний зарцуулалтын хэмжээ 8 хувиар буурч, хүлэмжийн хийг ихээхэн хэмжээгээр багасгах юм.
Ингэснээр тоноглолын горим үйл ажиллагаа тогтворжиж, аваар саатал гарах нөхцөл буурна. Цаашлаад ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх аж. Энэхүү төсөл 2018 оныг дуустал хэрэгжих юм байна.
Дээрх төсөлтэй холбоотой зарим зүйлийг Эрчим хүчний төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтоос тодрууллаа.
-Өнөөдөр гарын үсэг зуран баталгаажуулж байгаа төсөл хоёр багцтай гэсэн. Сүүлийн үед эрчим хүчний салбарт нэлээд томоохон төслүүд хэрэгжүүлж байна. Хичнээн хэмжээний санхүүжилт зарцуулж байна вэ?
-Монгол Япон хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд ДЦС-4-ТӨХК-д хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээс дурдвал 1995-2004 онд 4,5 тэрбум иений зээлийн хөрөнгөөр тус станцын нэгдүгээр ээлжийн шинэчлэлтийн төсөл, 2001-2008 онд 6,1 тэрбум иений зээлийн хөрөнгөөр хоёрдугаар ээлжийн шинэчлэлтийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо эхэлж байгаа гуравдугаар ээлжийн 4.2 тэрбум иений зээлийн хөрөнгөөр хэрэгжих төсөл ихээхэн үр дүнтэй болно гэдэгт найдаж байна.
Сүүлийн жилүүдэд Шинэчлэлийн Засгийн газраас гуравдугаар цахилгаан станцад 50 мгв өргөтгөл, дөрөвдүгээр цахилгаан станцын 120 мгв өргөтгөлийн ажил хийсэн. Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажил эд хийгдэж байна. Эрдэнэт хотын дулааны станцын өргөтгөл Хятадын хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаад гэрээ хэлэлцээрүүд хийгдээд явж байгаа. Үүн дээр Эгийн голын усан цахилгаан станцын ажилд Хятадын зээлийн нэг тэрбумын хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон. Үүнээс гадна эх үүсвэр талдаа шинэчлэлт хийхээс гадна шугамуудын шинэчлэлтийг хийж байна.
-Эрчим хүчний салбар байнга л алдагдалтай ажилалж байна гэдэг. Алдагдалгүй ажиллах боломж хэзээнээс нээгдэх вэ?
- Хамгийн чухал асуудал бол найдвартай, аюулгүй, хүртээмжтэй эрчим хүчний хангалт. Алдагдал ч үнэ тарифтай холбоотой. Үнэ тарифийн асуудлыг Эрчим хүчний хороо шийдвэрлэдэг. Гэхдээ сүүлийн үед нилээд арга хэмжээ авсны үр дүнд өмнөх жилүүдэд 60 тэрбумын алдагдал гардаг байсан нь буурсан. Гэхдээ алдагдалгүй ажиллах нь бидний нэн түрүүнд хийх ажил биш. Харин дээр хэлсэн найдвартай, аюулгүй, хүртээмжтэй эрчим хүчээр хангах нь нэн түрүүний ажил бөгөөд энэ ажлын зорилго юм.
Ч.Гэрэлтуяа
Сэтгэгдэл байхгүй байна