УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүд, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон юм.
Хуралдаан “Хүний эрхийн үндэсний институт төлөвшил-15 жил” сэдэвтэй байсан бөгөөд Монгол улсад хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх ихээхэн зөрчигдөж байгаа талаар болон ажлын байрны бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт сэдвээр санал солилцлоо.
Хамгийн чухалчлан үзэж буй хэд, хэдэн зөрчлийн асуудлыг хуралдааны үеэр Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хэлсэн юм. Үүнд: Гэр бүл салалтын гол хохирогч бол хүүхэд байдаг. Гэр бүл салахад хүүхдүүд ихэвчлэн эхийнхээ хараа хяналтад өсч торнидог. Харин эцэг нь 18 нас хүртэл тэтгэмж өгөх ёстой ч манайд төдийлөн хэрэгжихгүй, ихэнх аавууд тэтгэмжээ өгдөггүй байна.
Тэгвэл УИХ-ын Ц.Оюунгэрэл “Эрсдлийн сангаас хүүхдийн тэтгэмжийн мөнгийг олгох хэрэгтэй. Хүүхдийн эцэг орлоготой болох үед орлогынх нь тодорхой хувь нь эрсдлийн сан руу орно гэсэн үг. Орлоготой мөртлөө тэтгэмжийн мөнгө өгөөгүй тохиолдолд хуулийн өмнө хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн төсөл яригдаж байгаа.” хэмээлээ. Одоогоор энэ хууль батлагдаагүй ч асуудлыг ярилцаж байгаа аж.
Мөн энэ үеэр ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны амиа алдсан хэргийн талаар ярилцсан.
Байгаль хамгаалагч гэх хүмүүсийг сайн дурын ажилтан гэж үл хүндэтгэж байгаа гэж хуралдаанд оролцогчид хэлж байна. Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор тус газар очиж иргэдтэй уулзахад цагдаа нар нь иргэдийн яриаг утсан дээрээ дүрсжүүлэн авч байсан тухай гишүүн Ц.Оюунгэрэл хэлсэн юм. Ц.Оюунгэрэл гишүүнийг иргэдтэй уулзаж ярилцахад нутгийн хүмүүс анхандаа хэргийн талаар огт ярихгүй байсан. Сайн анзаарвал цагдаа нар уулзалтын бичлэгийг хийж байсан. Цагдаад шаардлага тавьж бичлэг хийлгэхийг болиулахад иргэд болсон явдлын талаар арай чөлөөтэй ярьж эхэлсэн гэж Ц.Оюунгэрэл гишүүн хэлэв. “Ийнхүү иргэдийн уулзалтаар хэлэх гэсэн үгээ чөлөөтэй илэрхийлж чадахгүй байгаа нь хүний эрх зөрчсөн хэрэг. Цагдаа нар иргэдийн яриаг дүрстэй бичиж аван дараа нь “Чи тэгж ярьсан, ингэж ярьсан байна” гэхчилэн дарамтладаг байна. Энэ нь хүний эрхийн маш том зөрчил” Ц.Оюунгэрэл онцлон тэмдэглэв.
Үүнээс гадна “Оюутолгойн хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл “Хүний эрхийн зөрчлийн ард бизнес байдаг. Манай улсад бизнес доторх, бизнес гаднах хүний эрхийн зөрчил маш их байгаа” хэмээлээ.
Мөн Монголд хөдөлмөрлөх эрхийн асуудал хөндөгдөж байна /бие хаа, царай зүс харах, нас заах/. Эмэгтэйчүүдийн хувьд ажлын байрны бэлгийн дарамтад орж байгаа, хэрэгтэн нь гэдэс цатгалан явж байхад хохирогч нь бүх амьдралаараа хохирогч болж байгаа тухай хуралдаанд оролцогчид онцолж байна.
Тиймээс үүнийг хөдөлмөрийн эрхийн эрх зүйн чиглэлээр тодорхой зааж өгөх хэрэгтэй байгаа тухай ч мөн хөндөн ярилаа.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна