• Эхлэл
  • АТГ 30 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ

АТГ 30 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ

2016/02/19

Авлигатай тэмцэх газар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаад 2015 оны үйл ажиллагааны талаар мэдээлсэн юм.

Хэвлэлийн бага хуралд АТГ-ын хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир, Мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөр, Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, судалгаа шинжилгээний албаны дарга Д.Дуламсүрэн, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг, Мэдүүлэг бүрдүүлэлт дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэх нар оролцлоо.

Ингээд тус байгууллагын 2015 онд хийж, хэрэгжүүлсэн ажлыг танилцуулъя.

- АТГ нь 2015 онд хууль тогтоомж зөрчсөн 33 дүрэм журмыг хүчингүй болгосон. Мөн 30 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.

- Цагдаагийн байгууллага дахь авлигын эрсдлийг тодорхойлох судалгаа хийжээ.

- 523 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгасан байна. Үүнд ХОМ-гээ 270 мэдүүлэг гаргачаас 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлгээ өгсөн аж. Мөн мэдүүлгийн хяналт шалгалтад хамрагдсан албан тушаалтнуудын тоо өмнөх оныхоос 16.8 хувиар, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтны тоо 6.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.

Мөн хууль бус томилгоотой холбоотой өргөдөл, гомдол их ирж байгаа талаар дээрх мэдээлэлд дурьдлаа. Үүнтэй холбоотойгоор төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8119 хүний мэдүүлгийг хянасан байна.

Ийн хяналтаар 706 этгээдийн материалыг хууль, журамд заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр буцаасан бол 38 этгээд илт ашиг сонирхолын зөрчил үүссэн болохыг тогтоосон байна.

Үүнээс гадна 345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ба төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахууль авах явдал дээрх тооны ихэнх хувийг эзэлж байгаа аж.

Яллах шийтгэл үйлдүүлэхээршилжүүлсэн хэргээс 2015 онд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл, ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогсоням, ИХЦХЕГ-ын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Увс аймгийн Өмнөговь  сумын сургуулийн захирал Б.Лхамсүрэн, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч М.Гансүлд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүх, Ня-бо М.Хулан нарын зэрэг 68 хүнд холбогдох эрүүгийн 24 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. 

Авлигатай тэмцэх газар дээрх ажлуудыг 2015 онд хийсэн ба мөрдөн байцаалтын шатанд хоёр тэрбум 921.3сая төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхосон асуултад Мөрдөн байцаах хэлтсийн дарга, комиссар Ө.Энхтөр харилт төгсөн юм.  

- Ямар шалтгаанаар МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга Цогтбаатарыг байцааж байгаа вэ?

​- МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба манай байгууллага дээр авлигалын хэргээр шалгагдаад хэрэг нь поркурарын байгууллага руу шилжсэн. Поркурарын байгууллагт очсоны дараа Г.Шийлэгдамбаас олон нийтэд хандаж сонордуулаг маягын ил захидал нийтэд гаргаад энэ явцад авлигад авсан мөнгөө хэнд өгсөн, энэ авлигалыг авахдаа  дан ганц хувьдаа хэрэглээгүй өөрийн харъяа намын эрх бүхий албан тушаалтануудад өгсөн тухай мэдээллийг олон нийтэд цацсан. Үүний үндсэн дээр Г.Шийлэгдамбын хэргийг дахин үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ийн дээрх хэрэг манай байгууллагат буцаж ирсэн. Энэ хэрэгтэй холбогдуулж МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга Цогтбаатарыг шалгаж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын явцад явж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

​- Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хоёр хүний нэг нь би эх орон доо ирнэ гэсэн ил захидал бичсэн байсан. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ?

​- Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяатай холбоотой хэрэг шалгагдаж байгаа. Энэ хэргийг анх цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, УЕПГ-аас манай байгууллагад харъяалал тогтоогоод цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсгээр мөрдөн байцаалтын ажил явагдаж байна. Өнөөдрийн байдлаар тэр захидлынхаа дагуу улс эх орон доо ирээд хэргийн талаар ярьж байцаалт өгөөгүй байгаа. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагаа холбогдох хуулийн дагуу үргэлжлэх болно.

Үүнээс гадна АТГ-аас Н.Энхбаярыг Шадар сайдад томилж болохгүй гэсэн хариуг өгсөн талаар АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөр даргын хариултыг сонсох гэсэн боловч тэрээр ийн хариуллаа.

“Дээрх бичгийг АТГ-ын Хянан шалгалтын хэлтэсээс холбогдох судалгааг хийж Засгийн газарт хүргүүлсэн. Энэ бичгийн талаар өдрийн сонинд гарсан тул үүнийг дэлгэрэнгүй тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна” хэмээсэн юм.

Ингээд дээрх ажлыг 2015 онд АТГ хийж хэрэгжүүлсэн ба шийдвэрлэгдэж дуусаагүй асуудлууд ч мөн байгаа гэдгийг хэллээ. 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна