Өнөөдөр аргын тооллын 2016 оны хоёрдугаар сарын 22, билгийн тооллын гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр билээ. Шинийн 15-ны өдрийг бурханы шашинт улс орнууд ихэд билэгшээн, сайн үйл бүхэн дэлгэрч, муу үйлийг тэвчих өдөр хэмээн үздэг.
Бурхан багш 57 сүүдэртэйдээ Жайна шашны тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш рид хувилгаанаа үзүүлэн төгс ялан дийлсэн гэдэг.
Энэ түүхэн үйл явдлыг санан дурсаж байхаар Богд Зонхова “Чойнпүрэл молом” нэртэй 15 хоногийн их ерөөл дэглэн хуруулжээ.
Энэ хурлыг Монголд Өндөр гэгээн Занабазар “Цагаан сарын их ерөөл” нэртэйгээр хуруулж эхэлсэн нь өдгөө уламжлал болон тогтсон юм.
Хаврын эхэн сарын шинийн 15 дотор багтаан үйлдсэн буян түм, живаагаар арвиждаг учраас сүсэгтэн олны тусын тулд Гандан хийдүүд 15 хоногийн турш ном хурсаар байгаа юм. Гэхдээ шинийн 15-ны дотор багтаж засал номоо заавал хийлгэх учиртай гэдэг нь андуу ташаа ойлголт гэдгийг шашин хийдийнхэн тодотгож байлаа.
Жилийн заслыг хэзээ хэрхэн хийлгэх нь тухайн хүний сонголт бөгөөд буян ном, засал гэдэг хүний өөрийнх нь сэтгэлийн үйл аж.
Сэтгэгдэл байхгүй байна