Гадаад хэргийн яамны уламжлалт “Хэвлэл мэдээллийн цаг” уулзалт болж АСЕМ-ын бэлтгэл ажлын талаар танилцуулав. Ингээд АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан сэтгүүлчдийн асуултад хариулсаныг хүргэж байна.
- АСЕМ-ыг угтсан хичнээн арга хэмжээ болох вэ. АСЕМ-ын зочдыг тэмээн цуваагаар угтана гэсэн мэдээлэл байна?
- АСЕМ-ын өмнө есөн арга хэмжээ зохион байгуулна. Эхний арга хэмжээ АСЕМ-ын парламент зочдын уулзалт дөрөвдүгээр сарын 1-нд болно.
Сангийн сайд, сэтгүүлчдийн уулзалт, бизнес болон иргэний форум гэх мэтчилэн сар бүр АСЕМ-ыг угтсан арга хэмжээ зохион байгуулна. Мөн Монголынхоо түүх соёлыг илтгэсэн урлагийн арга хэмжээг ч төлөвлөсөн байгаа.
Ялангуяа АСЕМ-ын дээд төвшний уулзалтын үеэр урлагийн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн энэ үеэр АСЕМ-ын 20 жилийн ойг Чингисийн талбайд тэмдэглэхээр ярьж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээр ахлуулсан нийслэлийн холбогдох байгууллагын баг урлагийн арга хэмжээний бэлтгэлийг хангаж байгаа. Тэмээн цуваагаар зочдыг угтаж авах асуудал огт байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл байна.
- АСЕМ-ын уулзалтад хичнээн улс орон оролцох вэ?
- АСЕМ нь 53 улсыг нэгтгэсэн албан бус олон улсын үйл явц. Европын 31, Азийн 20, мөн хоёр олон улсын байгууллагын 53 гишүүн Монголд ирнэ. Энд хэлэхэд АСЕМ-ын мэдээллийн төв ирэх сарын 1-нд МОНЦАМЭ агентлагийн хэвлэлийн төвд нээгдэнэ. Энэ мэдээллийн төвөөс зөвхөн сэтгүүлчдээс гадна энгийн иргэд АСЕМ-ын бүх мэдээллийг авах боломжтой.
- АСЕМ-ын зочдод үйлчлэх машины асуудал нилээн яригдсан. Энэ асуудал бүрэн шийдэгдсэн үү?
- АСЕМ-ын дээд төвшний уулзалтын үеэр урьдчилсан судалгаагаар 350 гаруй унаа шаардлагатай болсон. Үүнээс 250-ыг нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэнтэй хамтран оруулж гэрээ хийж байгаа. Мэдээж эдгээр машинуудыг татвараас чөлөөлж, АСЕМ-ын үеэр үнэ төлбөргүй ашиглаад хувийн хэвшилд нь буцааж олгох юм. Тиймээс төрөөс ямар нэг байдлаар зардал гаргахгүй. Үүнээс гадна дахин 100 орчим машин шаардлагатай байгаа.
Зам тээврийн яамнаас улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний төсөл боловсруулаад ажиллаж байна. Үүнд БНСУ-ын банкны хөнгөлөлттэй зээлээр 300 гаруй том оврын автобусыг оруулах томоохон төслийг боловсруулж байна. Эхний ээлжид 50 автобусыг АСЕМ-ын өмнө нийлүүлэх хүсэлтийг БНСУ-ын талд тавьсан. Ямартаа ч уулзалтын үеэр 50 автобусыг ашиглана.
- АСЕМ-ын үеэр замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ? Иргэдийг хотоос гаргах асуудал яригдаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
- Зочид төлөөлөгчдийн маршрут тодорхой болсон. Долдугаар сарын 15, 16-нд АСЕМ-ын гол арга хэмжээ болно. Энэ өдрүүдэд хотын төвийн замын хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлана.
Гэхдээ аль болох иргэдэд хүндрэл учруулахгүй байх талаас нь төлөвлөж байгаа. Мөн энэ үеэр нийслэлийн иргэдийг зуны амралтаа авч хөдөө гадаа явах, аялж зугаалахыг бидний зүгээс уриална.
Аялал жуулчлалын компаниудтай урьдчилсан байдлаар тохиролцсон, бусад зохицуулалтууд байгаа. Учир нь наадмын үеэр Монголд гадаадын жуулчид олноор ирнэ. Жуулчдын хөтөлбөрийг долдугаар сарын 14-ныг хүртэл нийслэлд байлгаад, 14-нөөс хойш орон нутаг руу чиглүүлэх зохицуулалт хийх талаар хэлэлцсэн. Тиймээс АСЕМ-ын үеэр төлөөлөгчид, гадны жуулчид, Монголчууд ихээр цугларч замын хөдөлгөөнд саад учрах хүндрэл гарахгүй байх болов уу.
- АСЕМ-ийн бэлтгэл ажилд хичнээн хувийн компаниуд оролцож байгаа вэ? Зарим компаниуд эдийн засгийн байдлаа сайжруулахын тулд АСЕМ-ын ажилд оролцох хүсэлтэй байгаа юм билээ. Дахиж компаниудыг нэмэж оруулцуулах уу?
- АСЕМ-ийг зохион байгуулна гэдэг зөвхөн төрийн үүрэг хариуцлага биш. Төр дангаараа зохион байгуулах боломжгүй. Өнгөрсөн жилээс бэлтгэл ажил эхлэхэд бид уриалга гаргасан. Төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллага, нийт иргэдийн хүчин чармайлт буюу бүгдийн хамтын ажиллагааны үр дүнд АСЕМ амжилттай болох юм.
Бэлтгэл ажилд мэдээж хэрэг хувийн хэвшлийнхэн, хувийн компаниуд гол үүрэг гүйцэтгэнэ. Зочид төлөөлөгчдийг байрлуулахаар 40 гаруй зочид буудал сонгогдоод бэлтгэл ажилдаа орсон. Энэ нь ч мөн хувийн хэвшлийнхэн. Мөн унаа тэрэгний асуудал дээр ч гэсэн хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллаж байна. Энэ мэтчилэн бүх зүйл дээр хувийн хэвшлийн компаниудаа оролцуулан ажиллахаар гэрээ хэлэлцээр хийсэн байгаа.
Харин үүнийг далимдуулаад хувийн компани санхүүгийн байдлаа сайжруулаад авъя гэсэн зүйл байхгүй. Мэдээж улс орны эдийн засаг, улсын төсөв хүнд, овоож оцойтол нь мөнгө өгчих боломж байхгүй. Тиймээс үүнийг хувийн хэвшлийнхэндээ ойлгуулж, хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр ажил үргэлжилж байгаа.
- “АСЕМ Вилла” хотхоны бүтээн байгуулалтын ажил ямар шатанд явж байгаа вэ? Шугам сүлжээний гэмтэл гарч ус алдсан гэх мэдээлэл байгаа, энэ үнэн үү?
- Хотхоны зохион байгуулалтын ажил дуусах шатандаа орсон байгаа. Бүх барилга баригдаж дууссан. Цаг агаар дулаарахаар гаднах тохижилтын ажлыг хийж эхэлнэ. Шугам сүлжээ задарсан талаар мэдээлэл гарсан байсан, гэхдээ тийм асуудал байхгүй гэдгийг гүйцэтгэгч байгууллага хэлсэн. Тус хотхоны халаалтыг газрын гүнийн дулааныг ашиглаж шийдсэн, Монголдоо анхны гэмээр төсөл шүү дээ. Тэнд ямар нэгэн дулааны хоолой хагарсан, задарсан зүйл байхгүй.
- АСЕМ-ийн үйл ажиллагаанд хичнээн орчуулагч, хөтлөгч оролцож байгаа вэ? Өндөр цалинтай гэдэг нь үнэн үү?
- Энэ уулзалтын үеэр өндөр төвшний төлөөлөгчтэй ажиллах орчуулагч биш хэлмэрч шаардлагатай байгаа. АСЕМ-ийн бэлтгэл ажлын албанд төсөвлөгдсөн мөнгөн дүнгээс тодорхой хүмүүсийг гадаадад гадны тусламжаар бэлтгэж байгаа. Их өндөр цалин авахгүй.
Хэвлэлийн бага хурлын үеэр гадаад хэргийн яамнаас зарим тодруулах асуудалд хариулт авлаа. Жишээлбэл: Хятад улс руу мах экспортлож байгаа талаар дэлгэрэнгүй хариултыг авсан юм.
- Монголоос Хятад руу эхний ээлжинд 16 тонн мах экспортлосон. Говь-Алтай аймгийн боомт сард, жилд хичнээн тонн мах экспортлох боломжтой вэ?
- Боомтын хувьд тэд эдийг гаргах боломжтой гэсэн тоо өгөөгүй. Гэхдээ өнгөрсөн жилүүдийн байдлаас харахад ачаалал ихтэй өдөр 200-250 автомашин гаргах чадалтай. 16 тонн гэдэг бол нэг машин мах, ингээд бодохоор боомтын чадал хангалттай гэсэн үг. Гагцхүү дэд бүтэц болон тэнд ажиллаж байгаа хил гаалийн ажилтнуудын орон сууц албан конторын асуудал яригдаж байгаа.
- Хятад руу мах экспортлож гаргахад Монголын хичнээн компаниуд зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа вэ? Малчид хувиараа мах нийлүүлэх боломжтой юу?
- Хятадын талаас Бургастайн боомтоор гаргасан, анх мах экспортлосон зөвшөөрөл олгосон гурван компани байгаа. Энэ гурван компанийн үйлдвэрт боловсруулсан махыг Хятадын талаас эхний ээлжинд авахаар холбогдох албанаас зөвшөөрөл олгосон. Тэгэхээр дээрх гурван компанийн үйлдвэрлэсэн махыг л эхний ээлжинд БНХАУ-руу Бургастайн боомтоор хил нэврүүлэхээр тохиролцоод байгаа.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна