• Эхлэл
  • Ойрын 30-40 жилд нүүрсний хэрэглээ буурахгүй

Ойрын 30-40 жилд нүүрсний хэрэглээ буурахгүй

2016/02/24

“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар өнөөдөр нүүрсний экспортыг дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн болон нүүрсийг хуурай аргаар баяжуулах талаар мэдээлэл өгөв.

Нүүрсний экспортын дэмжих цогц арга хэмжээ

Монгол Улс Нүүрсний экспортын дэмжих цогц арга хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд буй.

Дээрх цогц арга хэмжээний хүрээнд гадаадын зах зээлд борлуулсан нүүрснээс авах татварыг гэрээний үнээр тооцож авах тухай Засгийн газрын тогтоол гарсан байна. Мөн гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг бууруулахаар болжээ.

Ийн татварыг бууруулснаар нүүрсний салбарт ажиллаж байгаа ажилчдын ажлын байрыг хадгалж үлдэхээс гадна  нүүрснээс төсөвт орох орлогын хэмжээ нэмэгдэх аж.

Харин борлуулсан нүүрснийхээ худалдааны гэрээ, бусад мэдээ тайланг тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлээгүй эсвэл буруу мэдээлсэн тохиолдолд экспортод гаргасан нүүрсний татварыг жишиг үнээр тооцож авах юм байна.

Нүүрсийг хуурай аргаар баяжуулна

Нүүрсийг хуурай аргаар баяжуулах тухай олон жил яригдаж буй. Монгол Улсын Уул уурхайн яам Японы Эдийн засаг, үйлдвэр худалдааны  яамтай хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг хэрэгжүүлэхээр  гурван жилийн өмнө тохиролцжээ.

Энэ ажлын хүрээнд  тус яам Японы шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгуулагатай санамж бичиг саяхан байгуулсан бөгөөд  “Эрдэнэс Монгол” болон Японы “Нагата инженеринг” компани хооронд төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулж, жилдээ 300 мянган тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэр барих аж.

Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

- Нүүрсний гаалийн хураамжийг бууруулсан юм байна. Яг ямар хэмжээгээр бууруулав?

- Нүүрсний салбарынхны зүгээс удаа дараа хүсэлт ирүүлсний дагуу гаалийн хураамж 1500 төгрөг байсныг хоёрдугаар сарын 1-нээс 500 төгрөг болгож бууруулахаар шийдвэрлэсэн.  Сар болгон Уул уурхайн сайд болоод яамны удирдлагууд нүүрс экспортлогч ААН-үүдийн төлөөлөлтэй уулздаг. Уулзалтаар гол тавигддаг асуудал нь гаалйн хураамж бууруулах байсныг ийнхүү Засгийн газар шийдлээ. Монголын нүүрсний дийлэнх хувийг Хятад руу экспортлодог. Зах зээлд нүүрсний үнэ буурахад экспортлогч аж ахуйн нэгжүүдэд ч хүндрэл үүсдэг. 

Үүнтэй холбоотой олборлолтынхоо зардлыг бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх, хүнд нөхцөлд хэрхэн ажиллах тал дээр байнга санал солилцож байгаа.

- Ихэнх  улс нүүрснээс татгалзаж байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ нь манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

- Энэ нь өрөөсгөл ойлголт. Энэтхэг, БНХАУ-ын нүүрсний хэрэглээ цаашид нэмэгдэнэ. Мөн нүүрсийг боловсруулж хий, шатахуун болгох технологи байгаа. Манай яам энэ технологийг Монгол Улсад нутагшуулах, нэвтрүүлэх чиглэлээр хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж байна.  Өнөөдрийн байдлаар эрчим хүчний гол түүхий эд бол яах аргагүй нүүрс. Эрчим хүчний хамгийн өртөг, зарлага багатай түүхий эдийн эх үүсвэр учраас нүүрсний хэрэглээ ойрын 30-40 жилдээ буурахгүй.

- Хийн түлш гаргах технологийг нэвтрүүлэх үнэ өртөгийн хувьд ..?

- Нүүрсийг гүн боловсруулах технологи нь өндөр өртөгтэй. Газрын тос үнэ буурч байгаа энэ үед өртөг өндөртэй технологи хэрэглэх нь санхүүгийн хувьд асуудалтай байгаа. Тиймээс одоохондоо судалгаа шинжилгээ, гэрээ хэлэцээрийн ажлуудыг хийх нь зөв байх гэж бодож байна.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улс 173 тэрбум тонн таамаг нөөцтэй. Үүнээс Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлд бүртгүүлээд батлагдсан нүүрсний нөөц нь 36 тэрбум тонн байгаа аж. Монгол Улс өнгөрсөн онд 14.5 сая тонн нүүрс экспортлосон байна.  

Ч.Гэрэл

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна