Алт олборлолт болон газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл зөрчилтэй гэсэн мэдээллийн гараад байгаа билээ. Тэгвэл энэ тухай сэтгүүлчдийн асуултанд уул уурхайн яамны удирдлагууд хариуллаа.
- Гадаадын компанид алт олборлох зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон гэсэн мэдээлэл байгаа. Үүнд хариулт өгнө үү .. ?
- Монгол-Канадын хамтарсан “Гутайн даваа” компани нь 2003 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан. Гутайн алтны үндсэн ордыг нээж, Эрдэс баялгийн зөвлөлд нөөцийн тайлангаа ирүүлсэн байдаг. Эрдэс баялгийн зөвлөлөөр 2012 онд тус компанийн ирүүлсэн нөөцийн тайланг хэлэлцсэн.
Тухайн үед урт нэртэй хууль батлагдаж, Гутайн орд ойн сан бүхий давхцалтай таарсаан гэж үзээд үйл ажиллагааг нь зогсоосон. Харин 2015 онд урт нэртэй хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ашиглалтын зөвшөөрөл авах эрх нь үүссэн юм билээ. Ингээд өнгөрсөн оны намар ашиглалтын зөвшөөрлийг нь АТГ хуулийн дагуу олгосон.
Товчхондоо бол Ашигт малтмалын газраас тус компанийн өргөдлийг хуулийн дагуу хянан үзээд 2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр “Гутайн даваа” ХХК-д MV-019023 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон гэсэн үг.
- Тэгвэл үүнтэй адилхан “Монголиа гладвилл Увс петролиум” компанид 19724.28 км талбайд газрын тосны хайгуул хийхээр олгосон зөвшөөрөл ч мөн хууль зөрчин гэгдэж байгаа? Үүнд тайлбар өгнө үү?
- “Монголиа гладвилл Увс петролиум” компани нь Увс I талбайд найман жилийн хугацаантай хайгуулын ажилд 827 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байсан.
Хайгуулын ажлын үр дүнд гэрээний дагуу жил бүр талбайн буцаалт хийгдэж, хэрэв тос илэрсэн тохиолдолд ашиглалтанд шилждэг.
Тэгэхээр хайгуулын эхний үе шат буюу гурван жилийн дараа нийт талбайн 25-аас доошгүй хувийг, хайгуулын хоёрдугаар үе шат буюу зургаан жилийн дараа үлдсэн талбайн 25-аас доошгүй хувийг, харин хайгуулын гуравдугаар үе шат буюу хайгуулын хугацаа дуусахад ашиглалтын талбайгаас бусад талбайг буцааж өгөх үүрэгтэй байдаг. Үүний дагуу явах учраас зөрчил гэх зүйл байхгүй.
- Ингээд олборлолт хайгуул хийх зөвшөөрөл олгогдож байна. Харин үүний дараа нөхөн сэргээлт гэх том ажлыг компаниуд орхигдуулдаг. Энэ онд нөхөн сэргээлтийн ажилд хэдэн төгрөг зарцуулагдах вэ?
- Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1-д заасны дагуу тухайн ордыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2015 оны 11 сард батлуулсан байна.
Уг техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсанаар 5 жилийн хугацаанд 1.3 тн алт олборлон 84.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 22.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төсөл юм.
Шаардлагатай хөрөнгө оруулалт нь 14.4 тэрбум төгрөг бөгөөд Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд 212 сая төгрөгийг зарцуулахаар төсөлд тусгагдсан байгаа.
Сэтгэгдэл байхгүй байна