• Эхлэл
  • 350 гаруй микро автобусыг үйлчилгээнээс хасна

350 гаруй микро автобусыг үйлчилгээнээс хасна

2016/02/26

Ирэх сарын 1-нээс микро автобуснуудыг үйлчилгээнээс хасахаар болсон. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болдоос тодрууллаа.

-Ирэх долоо хоногт микро автобус иргэдэд үйлчлэхгүй нь. Энэ талаар тодруулаач?

-Манай байгууллагад 390 орчим мирко автобус бүртгэлтэй байна. Насжилт нь 12 жилээс дээш бол нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхийг хориглосон байдаг. Энэ үзүүлэлтээр аваад үзэхээр 37 орчим микро автобус үйлчилгээнд үлдэнэ гэсэн үг.

-Микронуудыг хасчихаар ажил нь оройтож тардаг хүмүүст хүндрэлтэй байна гэсэн гомдол гаргасан байна лээ?

-Нийслэлийн тээврийн газар үйлчилгээний байгууллага. Бид иргэдэд үйлчилгээгээ доголдолгүй хүргэх ёстой.

Микро хасахгүйгээр үйл ажиллагаа явуулах ямар боломж байна гэдгийг судлаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт микро автобуснуудыг зогсоох, хугацааг сунгах хүсэлт явуулсан.

Тэндээс Стандартчилал хэмжил зүйн газарт ханд гэсэн хариу өгсөн. Харин Стандартчилал хэмжил зүйн газар сунгах боломжгүй, гэрээн дээрээ өөрчлөлт оруулаад зохицож ажиллаж болно гэсэн санал гаргасан. 

Үүний үндсэн дээр манай байгууллагын удирдлагын зөвлөл хуралдаад аж ахуйн нэгжүүдтэй наймдугаар cap хүртэл сунгаж гэрээ хийсэн. Гэтэл Зам тээврийн яам болон Мэргэжлийн хяналтын газраас хууль дүрмээ барьж ажиллах хэрэгтэй гэсэн албан бичиг ирээд байгаа.

-Микро автобусны оронд нэмэлт автобус явуулах уу?

- Энэ асуудал үнэхээр хэцүү байгаа. Нийтийн тээвэр хотод хүрэлцдэггүй. Тиймээс хасагдаж байгаа 350 гаруй микро автобусны орон зайг нөхөхийн тулд гэрээтэй аж ахуйн нэгжүүдийн нөөц бололцоог шавхаж ажиллуулахыг хичээж байгаа.

-Үйлчилгээнээс хасагдсан микро автобуснуудыг цаашид яах вэ?

-Сайн мэдэхгүй байна. Манай байгууллагатай гэрээтэй аж ахуйн нэгжүүд хууль дүрэмд нийцсэн техниктэй байж чанарын шаардлага хангасан нийтийн тээврээр үйл ажиллагаа явуулахыг шаарддаг.


Сэтгэгдэл байхгүй байна