• Эхлэл
  • Байконур руу аялал хийж болно

Байконур руу аялал хийж болно

2016/02/27

Байконурын аялал жуулчлалын дэд бүтэц өнөөдрийн байдлаар 300 орчим хүн хүлээж авах боломжтой болсон төдийгүй жуулчид станцыг ихэд сонирхдог учир дэд бүтцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа тухай Газар дээрх Сансрын дэд бүтэц ашиглалтын төвийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч  Рано Джураева мэдэгдсэн байна.

Крайний нисэх онгоцны буудлын хөөрөх-буух зурвасыг шинэчлэн засварлаж зурвасыг 3100 метр болгосон учир энд бүх төрлийн нисэх онгоц хүлээн авах боломжтой болгосон ажээ. 2013 онд сансрын хөлөг хүлээн авах буудал болон Байконурын хоорондох шууд нислэгийг зогсоосон байсныг одоо ийнхүү сэргээсэн байна.

"Одоогоор манай эндхийн зочид буудлууд 300 орчим хүнийг хүлээн авах боломжтой, ирэх онд дахиад хоёр буудал ашиглалтанд орсноор жуулчлалыг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ гэсэн байна.

Энэ оноос эхлэн алдарт Байконурыг үзүүлэх аяллын маршрутыг Оросын аялал жуулчлалын компаниуд боловсруулж хэрэгжүүлэх эхлэхэд бэлэн болсон төдийгүй буудал, хоол, тээвэр гээд аялагч жуулчдад нэн шаардлагатай дэд бүтцийг эрэлтээс шалтгаалан цаашид шат дараатай нэмэгдүүлэх ажээ.

Байконур буюу казакаар баян хөндий гэсэн нэртэй энэ газар нь дэлхийн хамгийн анхны хийгээд хамгийн том сансрын нисэх буудал юм. 6717 км2 талбайтай энэ буудал Казахстаны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд ЗСБНХУ-ын үед ашиглалтанд орсон. Орос улс 2050 он хүртэл Байконур хот болон Байконурын сансрын нисэх буудлыг Казахстанаас түрээслэн авсан. Жилийн ашиглалтын зардал нь 5 тэрбум орчим рубль, үүнээс зөвхөн түрээс нь 115 сая доллар буюу 7,4 тэрбум рубль, үлдсэн нь барилга байгууламжийн засвар үйлчилгээнд зарцуулдагддаг байна. 2012 оны байдлаар Байконураас 21 тээгч пуужин хөөргөсөн нь дэлхийд тэргүүлж буй.

 


Сэтгэгдэл байхгүй байна