Олны анхаарлыг татаж, Ди Каприо Оскар авна авахгүй гэдгээр мөрийцөж байсан Америкийн кино академийн 88 дах удаагийн шагналаа гардуулав. Шилдэг киногоор Том МакКартигийн бүтээл “Анхаарлын төвд” бүтээл шалгарчээ. Бостон Глоуб сонины сэтгүүлчдийн эрэл хайгуулын талаар өгүүлдэг энэ кино 2001-2002 онд Бостонд болсон бодит үйл явдлаас сэдэвлэгдсэн. Энэ кино зургаан төрөлд нэр дэвшиж үндсэн шагналаас гадна хамгийн шилдэг зохиол гэдгээрээ шалгарсан юм.
“Revenant” киноны гол дүрийг бүтээсэн Леонардо Ди Каприо үзэгчдийн хүсэн хүлээж байсан анхны Оскараа гардсан бөгөөд киноны найруулагч Алехандро Иннариту шилдэг найруулагчаар тодорсон юм.
Шилдэг эмэгтэй жүжигчнээр “Өрөө” киноны гол дүрд тоглосон жүжигчин Бри Ларсон, туслах эрэгтэй дүрийн шагналыг Стивен Спилбергийн “Тагнах гүүр” киноны тагнуулчийн дүрээр Марк Райденс, туслах эмэгтэй жүжигчнээр “Машинаас” киноны роботын дүрийг бүтээсэн Алисиа Викандер шалгарав.
Энэ удаагийн ёслолын ажиллагааны нэг онцлог нь хар арьст жүжигчид хийгээд кино бүтээгчдэд онцгой анхаарал хандуулсан байна. Учир нь өнгөрсөн удаад Оскарын шагналыг зөвхөн цагаан арьстануудад өгдөг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг гэсэн хүчтэй шүүмжлэл газар аваад байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна