• Эхлэл
  • Чононд хэргээ чихсэн гэх ташаа мэдээлэл

Чононд хэргээ чихсэн гэх ташаа мэдээлэл

2016/02/29

Сошиал ертөнцөөр үе үе үнэн худал нь мэдэгдэхгүй шуугиан дэгддэг. Үүний нэг нь хүний мөсгүй анчид хээлтэй хандгайг авлаж, эврийг нь мултлаад аваад явчихсан байжээ гэх мэдээлэл.

Энэ мэдээлэл хүн сэртхийм зурагтай тархсан учраас олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Эм хандгай эвэргүй байдаг, тэгээд ч чононд бариулсан хандгайн зургийг төөрөгдүүлэх байдлаар дуулиан дэгдээж байна гэсэн хариу ч гарсан билээ. Гэхдээ л энэ шуугиан үргэлжилсээр байгаа тул бид албаны эх сурвалжаас тодрууллаа.

Сошиал мэдээлэлд Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан явах замд нэн ховор амьтан болох хээлтэй хандгайг алж, мах, уруул зэргийг нь аваад явсан байсан мэдээлэл гараад байсан.

Харин үүнд анчдыг буруутгаж байсан ч УМБГ-аас шалгаж хоёр настай сүндэс буюу эм хандгай үхсэн байсныг фото зургаар баталгаажуулж, чононд бариулсан гэх дүгнэлт гаргажээ.

Мөн иргэний мэдээллийн дагуу эд эрхтэнийг нь шалгахад уг сүндэсний уруул, эрүү нь байсан бөгөөд эм хандгай учир эвэргүй байсан аж. Гэхдээ нийгэмдаль нэг сайдын танил нь ховор амьтан алчихаад чононд хэргээ чихээд байгаа юм гэх яриа гараад байгаа.

Тэгвэл үүнтэй холбоотой мэдээллийг албаны хүнээс тодрууллаа.

Энэ хэргийг бид газар дээр нь очиж шалгасан. Шалгалтаар ямар нэг анчин ан амьтан алсан биш харин эм хандгай чононд бариулсан байсан.

Чоно нь ан гөрөөсийг хад, асаг руу шахаж ан хийдэг. Үүнтэй адил эм хандгайг асаг руу шахаж, эм хандгай чононоос зугтах гэж үсэрсэн ч мөсөн дээр унаж чононд бариулсан гэсэн дүгнэлт гарсан.

Мөн эврийг нь тайрч авсан гэсэн мэдээлэл гарсан байна. Харин эм хандгай эвэргүй байдаг. Тиймээс энэ нь ташаа мэдээлэл юм гэлээ.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна