• Эхлэл
  • Микроавтобусыг үйлчилгээнээс хасахыг хойшлуулжээ

Микроавтобусыг үйлчилгээнээс хасахыг хойшлуулжээ

2016/03/01

Насжилтаар хасагдах тээврийн хэрэгслүүдийг 2016 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчилгээнд явуулах шийдвэрийг гаргажээ. 

Сануулбал: 2003 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг 2016 оны гуравдугаар сарын 01-ны өдөр бүртгэлийн сангаас хасах тухай албан бичгийг бага оврын автобусаар үйлчилгээ үзүүлдэг ААН байгууллагуудад хүргүүлсэн. Энэ хүрээнд 2003 онд үйлдвэрлэсэн микроавтобусыг үйлчилгээнээс хасвал 11 ААН байгууллага нэгжийн 37 тээврийн хэрэгсэл үлдэх аж.

Бага дунд үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос 2016 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр “Насжилтаар хасагдах 2003 оны тээврийн хэрэгслийг 2016 оны гуравдугаар сарын 01-нээс бүртгэлийн сангаас хасах” шийдвэрээ хойшлуулж өгөх талаар хүсэлтийг Нийслэлийн Тээврийн газарт  ирүүлсэн байна.

Мөн “Эс Энд Эй” ХХК-иас “БНХАУ-ын автобус үйлдвэрлэлийн компанитай 2015 онд хэлэлцээр хийж, манай орны стандарт шаардлагад нийцсэн дунд оврын автобус үйлдвэрлэх загварыг тохиролцож үйлдвэрлэлд оруулсан. Эхний ээлжийн автобус 2016 оны гуравдугаар сард үйлдвэрээс худалдаанд гарахаар тохиролцсон гэрээ хийсэн” тул 2003 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслээ гуравдугаар сарын 1-нд хасахыг хойшлуулж өгөх тухай  албан бичиг ирүүлжээ.

Бага оврын үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос насжилтаар хасагдах 2003 онд үйлдвэрлэсэн автобусыг сунгаж ажлуулах талаар хүсэлтээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Зам тээврийн яам, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт  тус тус албан тоотоор хүргүүлсэн байна.

Дээрх бичгийг харгалзан үзэж микроавтобусыг үйлчилгээнээс хасах хугацааг хойшлуулсан байна.


Сэтгэгдэл байхгүй байна