Тусгай үүргийн 1-р бүлэг буюу Делта (англиар 1st Special Forces Operational Detachment-Delta (1st SFOD-D)-г АНУ-ын Батлан хамгаалах яамнаас байгуулсан. Делтагийн үндсэн үүрэг нь алан хядлага, олон нийтийн бослоготой тэмцэх боловч зарим нууц даалгавар үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал, энгийн номхон иргэдийг аврах, онцгой нөхцөлд аврах ажиллагаа явуулах зэрэг ажээ.
Делта бүлэг нь АНУ-ын зэвсэгт хүчний бүтцэд багтдаг Америкийн хамгийн алдартай группын нэг бөгөөд анх 1976 онд байгуулагдсан. Анх алан хядлагатай тэмцэх зорилгоор “Ногоон беретүүд”-ийн суурин дээр хэд хэдэн хөдөлгөөнт группыг байгуулахаар төлөвлөж байсан хэдий ч АНУ-ын армийн командлал шинэ группууд үүсгэх шийдвэр гаргаснаар Делта үүссэн түүхтэй.
Делтагийнхан Умард Каролина мужийн Брэгг гэдэг газар байрладаг. Одоогийн байдлаар Америкийн нутгаас гадна барьцаалуулсан иргэдийг чөлөөлөх үүрэг хүлээсэн алан хядлагатай тэмцдэг АНУ-ын хамгийн үндсэн нэгжүүдийн нэг.
500 орчим хүний бие бүрэлдэхүүнтэй бөгөөд үүний хоёр нь эмэгтэй. Бий болсон цагаасаа хойш олон зуун үйл ажиллагаанд оролцсон бөгөөд Панам, Гренадын дайны үеийн ажиллагаанд идэвхтэй оролцож байсан.
Энэ группын Иракийн эсрэг дайны үед Персийн буланд явуулсан ажиллагааг хамгийн амжилттай болсон гэдэг. Харин хамгийн амжилтгүй болсон ажиллагаа нь 1979-1980 онд Тегеран дахь АНУ-ын элчин сайдын яамны барилгад барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх оролдлого гэж тэмдэглэжээ.
Дайралт хийхийн өмнө америкчууд нисдэг тэрэг, нисэх онгоц, түлш шатахуун хадгалж байсан агуулах мөн автобусыг санамсаргүйгээр шатаасан гэдэг. Дэлбэрэлт харсан Делтагийн дайчид айж зугтсан бөгөөд барьцаалагдсан иргэд элчин сайдын яаман дотор 444 өдөр хоригдож тасралтгүй хэлэлцээрийн ачаар чөлөөлөгджээ.
Сэтгэгдэл байхгүй байна