• Эхлэл
  • ”АСЕМ 2016”-Дотоодын үйлдвэрлэгчдэд том боломж

”АСЕМ 2016”-Дотоодын үйлдвэрлэгчдэд том боломж

2016/03/01

АСЕМ-ын Мэдээллийн төвийн нээлт өнөөдөр боллоо.

Мэдээллийн төвийг нээх үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

Уг санамж бичгээр АСЕМ-ын уулзалтын төлөө сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэж, дэлхийн хэмжээний үйл явдлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад нэгдмэл байр суурьтайгаар үнэн зөв мэдээлэл түгээж, улс орныхоо нэр хүндийг өргөх үйл хэрэгт хувь нэмэр оруулан хамтран ажиллах болно гэдгээ бататгав.

Санамж бичигт АСЕМ-ын БАА-ны дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Б.Ганболд, Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбооны тэргүүн Г.Саруул, Монголын телевизүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Бадамдаш, Монголын сайтуудын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар гарын үсэг зурлаа.

Мөн АСЕМ-ын Дээд төвшний хурлыг сурвалжлах дотоод, гадаадын сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв”-ийг “Шангри Ла” зочид буудалд байгуулах аж.

-Ингээд АСЕМ-ын талаарх зарим зүйлсийг Гадаад хэргийн яамны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга Д.Ганхуягаас тодрууллаа.

- "Хэвлэлийн төв”-ийг хэзээ байгуулах вэ?

- Дээд хэмжээний уулзалтын үеэр “Хэвлэлийн төв”-ийг “Шангри Ла” зочид буудалд байгуулна. Энэ нь ОУ-ын стандартын дагуу байгуулагдсан 1000 гаруй сэтгүүлчдэд үйлчлэх хүчин чадалтай хэвлэлийн төв байх юм. Харин "Мэдээллийн төв" нь дээд төвшний уулзалт хүртэл тогтмол ажиллагаатай, мэдээлэл өгдөг тодорхой цагтай байх бөгөөд долоо хоног тутамд тодорхой цагт АСЕМ-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэх болно.

- АСЕМ-ыг зохион байгуулж байсан улс орнууд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг өөрийнхөө оронд татаж чадсан гэгддэг. Тэгвэл Монгол Улс АСЕМ-тэй холбоотой уулзалтын үеэр хөрөнгө оруулалт татах гэрээ хэлэлцээр байгуулагдах уу?

- Дөрөвдүгээр сарын 20-ноос эхлээд долдугаар сарын дунд үе хүртэл арван арга хэмжээнд нийт 5000 гаруй хүн оролцоно. Энэ 5000 гаруй хүн Монгол Улстай танилцахаас гадна, зочид буудал, МИАТ-ын онгоцоор үйлчлүүлэх гээд бизнес тодорхой хэмжээгээр Монгол улс руу чиглэж байна гэсэн үг. АСЕМ бол том арга хэмжээ. Энэ уулзалтыг бид амжилттай зохион байгуулснаар цаашид ОУ-ын хэмжээнд нэр хүндтэй болох бөгөөд дөнгөж өчигдөр Засгийн газрын хуралдаанаар АСЕМ-ын дараа 2016-2018 онд Монгол улсад хүлээж авах боломжтой ОУ-ын хурал зөвлөгөөн, соёлын арга хэмжээний жагсаалтыг баталлөө. Мөн аялал жуулчлалын салбар руу жуулчдыг татах хөрөнгө оруулалтын боломжийг нээж буй том арга хэмжээ гэж үзэж байгаа.

- АСЕМ-ын хурлын үеэр дотоодын бүтээгдэхүүнээ хэрхэн дэмжих вэ?

-Үүнд хувийн хэвшлийнхэн идэвх санаачлагатай ажиллаж байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр “АСЕМ expo” гэх дотоодын үйлдвэрлэгчдийн нийлүүлж болох барааны үзэсгэлэнг гаргасан. Ерөнхийдөө зочид буудлын өрөөнд тавигдах саван, шампуниас эхлээд бүх зүйлд Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Ялангуяа эдийн засгийн хямралтай байгаа энэ үед дотоодынхоо аж үйлдвэрлэлийг орлоготой болгох, дотоодын бүтээгдэхүүнийг ирсэн зочдод таниулах арга хэмжээг тууштай хэрэгжүүлнэ. Энэ утгаараа АСЕМ-ын уулзалт дотоодын үйлдвэрлэгчдэд том боломж олгож байгаа юм. Бизнес уулзалтын үеэр “АСЕМ expo” Монголд үйлдвэрлэсэн барааны үзэсгэлэнг тусгай павьилон байдлаар гаргаж, ирсэн зочдод худалдах, цааш нь нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийх боломж олгоно.

- Уулзалтын үеэр сурвалжлага хийх сэтгүүлчдийг хэрхэн бэлтгэх вэ?

- Маш олон сэтгүүлч, дотоод гадаадын хүмүүс оролцож байгаа учраас мэдээллийн төв дээр яаж бүртгэх вэ гэх мэт дүрэм, журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Ганбаатарын ахалсан ажлын хэсэг боловсруулж байгаа. Тухайн үед нь мэдээллийг өгөх байх.

- Сонгуулийн жил учир АСЕМ-ыг улстөржүүлэх ажил яваад эхэлчисэн гэгдэж байгаа. Үүнд хариулт өгнө үү.

- Монгол Улс гадаад бодлогын нэгдмэл байдалтай хандах ёстой. Энэ утгаараа дээрх асуудлыг сонгуулийн сэдэв болгохгүй байвал сайн. Улс төрийн намууд дээд хэмжээний хурлыг дэмжиж байгаа учир сонгуулийн шоу болгохгүй байх гэдэгт итгэлтэй байна.

Мөн хэвлэлийн бага хурлын үеэр ЕТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга, АСЕМ-ын ХМСАХАХ-ийн дэд дарга П.Сайнбилэгтэй ярилцлаа.

- 1000 сэтгүүлч ажиллах танхим байгуулна гэсэн. Энэ танхимд интернетийн хэрэглээг нь яаж хангах вэ?

- Одоогийн байдлаар 400 орчим сэтгүүлч сууж ажиллах танхимыг Шангри-ла зочид буудлын В1 корпуст засаж тохижуулж байна. Интернэтийн бие даасан сервер ажиллуулна. Интернетийн хурд хангалттай байна гэсэн мэдээллийг ажлын хэсгийн техникийн хэлтэс өгч байгаа. Ямартай ч АСЕМ-ын өмнөх хурлуудаас чанарын хувьд дордуулахгүйгээр хэвлэл мэдээллийнхний ажиллах боломжийг хангана гэсэн шаардлага тавьж ажиллаж байна.

Монголын телевизүүдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Бадамдаш “Өнөөдрийн байгуулсан санамж бичгийн агуулга нь АСЕМ-ын талаар хамтарч ажиллах буюу энэ талаар сэтгүүл зүйн стандарт ёс зүйг баримтлан, мэдээллийг цаг тухайд нь хүргэж өгөх. Үүнд мөн улс төржилт байж болохгүй. Учир нь сонгуулийн жил болж байгаа бөгөөд энэ нь Монгол улсын нэр хүндэд хамааралтай асуудал болж байгаа юм. Ерөнхийдөө сэтгүүл зүйн стандартыг баримталж зөв мэдээлэл өгье гэсэн утгатай санамж бичиг" хэмээлээ.

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна