Дорнод аймгийн Тахарын албаны дарга Б.Хүрэлсүх нь гэмт хэрэг үйлдсэнийг прокурорын байгууллага тогтоосон байна.
Тэрбээр 2013 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Ардчилсан намын даргын албан тушаалыг хаших эрхгүй болсон хойноо, Төрийн албанд Тойргийн Тахарын албан тушаалыг хашиж байхдаа Ардчилсан намын тамга, хэвлэмэл маягтыг ашиглан гарын үсэг зурж 2014 оны тавдугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдийн суудлын мөнгө болох 5,603,800 төгрөгийг Дорнод аймаг дахь Голомт, Хаан банкний харилцах дансаар шилжүүлэн авч зарцуулсан байна.
Уг нь төрийн албан хаагч Ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд зааснаар намаасаа түдгэлзэх ёстой, намын үйл ажиллагаа явуулах ёсгүй байхад Тойргийн Тахарын албаны дарга болсон хойноо, намын албан тушаалаа өгснийхөө дараа намынхаа тамга, бланкийг ашиглан иргэдийн хурлын төлөөлөгчдийнхөө мөнгийг авч байсан нь тогтоогджээ.
Түүний энэ үйлдлийг Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 236-р зүйлд заасан гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэмт хэргийг шалгах явцад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэвч гэмт хэргийг шалгах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Б.Хүрэлсүх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бололтой. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч сэжигтэн, яллагдагч хүсэлт гаргавал шүүхээр гэм буруугаа шийдвэрлүүлэх боломж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байдаг ч ийм хүсэлт гаргаагүй байна.
Саяхан Улсын прокурорын газраас Б.Хүрэлсүхийг Эрүүгийн хуулийн 236-р зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Б.Хүрэлсүх нь тойргийн Тахарын албан тушаалд хууль зөрчин томилогдсон байна. Тахарын албаны тухай хуулийн 27-р зүйлд тойргийн тахард нэр дэвшигч нь хууль сахиулагчаар арваас доошгүй жил ажилласан, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлага тавигддаг байна. Б.Хүрэлсүх нь хууль сахиулах байгууллагад 10 жил ажиллагаагүй, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч гэх улс төрийн албан тушаал хашиж байсан аж.
Тахарын Албаны тухай хуулинд зааснаар гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлээгүй хүнийг Тойргийн Тахараар томилно гэж заасан байдаг байна. Өөрийгөө Тахарын Ерөнхий Газрын даргын хүн, Хууль зүйн сайдын хуурай дүү, намайг хэн ч яаж ч чадахгүй гэж намын нөхөддөө томорч явдаг сурагтай хууль зөрчин томилогдсон энэ нөхөрт Монголын хууль үйлчлэхгүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна