Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн сургаар ТОСК /Төрийн орон сууц корпораци/-ийн гадаа хөл үймээн ихтэй байна. Энэ хөтөлбөрийг хариуцан ажиллах ёстой ТОСК-ийн гадаа хоёрдугаар сарын 29-нөөс эхлээд хүмүүс цугларч, оочер дараалал үүсгэн хөл хөдөлгөөн ихтэй байна.
Хэвлэл мэдээллээр Түрээсийн орон сууц хөтөлбөр гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ хэмээн зарласан учраас ийн хүмүүс амжиж бүртгүүлэх гэж хүмүүс цуглараад байгаа юм байна. Гэвч одоогоор бүртгэл хараахан эхлээгүй байгаа юм байна.
ТОСК-ийн гадаа бүртгэл эхлээгүй байгаа талаар зар мэдээлэл хадсан байгаа боловч иргэд “Гуравдугаар сарын 1-нээс эхэлж бүртгэнэ гэчихээд яагаад бүртгэхгүй байгаа юм?” гэж их бухимдангуй байлаа. ТОСК-ийнхон журам гараагүй байгаа талаар тайлбарлаж байгаа боловч иргэд бухимдсан хэвээр, хэзээнээс бүртгэл эхлэх, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай талаар асуусан хэвээр байна. ТОСК-оос тайлбарласнаар бол эдний зүгээс гуравдугаар сарын 1-нээс хөтөлбөр эхлэх боломжтой гэсэн саналыг илэрхийлээд байсан болохоос яг бүртгэлийн хугацааг зарлаагүй байсан аж. Хэдийгээр Барилга хот, байгуулалтын яамнаас журам гарсан байгаа боловч үүнийг хэрэгжүүлэх журмыг ТОСК гаргах юм байна. Мөн нийслэл төдийгүй хөдөө орон нутагт ч хэрэгжих хөтөлбөр учраас дотоод бүтэц зохион байгуулалтаа хийж, ажилчиддаа сургалт явуулсны дараа бүртгэл эхлэх юм байна. Одоо байгаа мэдээллээр бол гуравдугаар сарын 15-наас бүртгэл эхлэх бололтой.
Цугларсан иргэдийн ярианаас сонсоход асууж байгаа бас нэг мэдээлэл бол түрээсийн байрыг цаашид зээлд хамруулан өмчилж болох эсэх тухай асуулт байгаа бололтой. Одоогоор бол тав хүртэл жилээр байр түрээслэх хүсэлтэй иргэдийг бүртгэх юм байна. Засгийн газраас зарласнаар бол тав хүртэл жил түрээслэх хугацаандаа байрны урьдчилгааг хуримтлуулж чадвал түрээсээс өмчлөл рүү шилжүүлэх боломжтой гэгдэж байсан. Тэгвэл одоогоор өмчлөлийн асуудлыг хараахан шийдээгүй байгаа юм байна.
Иргэдийн олонх нь цаашид өмчилж болох боломжийг сонирхож байгаа бололтой. Тиймээс гуравдугаар сарын 15-наас бүртгэл эхлэх юм бол зөвхөн байр түрээслэх хүсэлтэй иргэд л хүсэлтээ гаргах нь зүйтэй болов уу. Мөн одоогоор ТОСК-ын барьж байгуулсан Буянт-Ухаа-II цогцолборт л байр түрээслэх боломжтой. Өөр байрлалд байр түрээслэх боломжтой эсэх талаарх мэдээлэл удахгүй тодорхой болох юм байна.
Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Бүртгүүлэхийг хүсэгчид ямар бичиг баримт бүрдүүлэх талаарх мэдээллийг энд дарж уншина уу.
Сэтгэгдэл байхгүй байна