• Эхлэл
  • Ажлын байрыг дэмжихэд 3 тэрбумыг төсөвлөжээ

Ажлын байрыг дэмжихэд 3 тэрбумыг төсөвлөжээ

2016/03/02

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 99,5 мянган хүн бий. Нийт хүн амын 3.3 хувийг эзэлдэг эдгээр иргэдийнхээ ажиллаж хөдөлмөрлөх эрхийг нь хангахад Хөдөлмөрийн яам анхаарч, тодорхой бодлого барьж ажилладаг.  Хөдөлмөрийн сайдын гуравдугаар сарын 1-ний А/50 тоот тушаалаар шинэчлэн байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл анхны хуралдаанаараа зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмаа хэлэлцэхийн хамт УИХ-аар саяхан батлуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн арга хэмжээний талаарх танилцуулгыг сонсч, 2016 оны ажлын төлөвлөгөөгөө эцэслэн баталлаа.

2013 онд хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд нийт 1,3 тэрбум төгрөгийг зарцуулж, 1180 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнгын болон тусгайлсан ажлын байртай болсон бол 2014 онд 2349 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулж 1,7 тэрбум төгрөг зарцуулснаар 1576 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болсон.

Өнгөрсөн  онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 2,7 тэрбум төгрөг гаргаж 3540 иргэнийг хамруулан 1988 байнгын ажлын байр бий болсон. Хөдөлмөрийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжхэд чиглэсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьдаг бөгөөд 2016 онд нийтдээ 3,0 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.


Сэтгэгдэл байхгүй байна