Эрдэмтдийн тооцсоноор хүн амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлдэг байна. Тийм ч учраас унтлагын өрөө, ор бас орны даавуу амрахад тавтай байх ёстой. Дэлхийн олон орны үйлдвэрлэгчид өндөр технологийн матрас үйлдвэрлэх судалгаа туршилт хийдэг төдийгүй харшил өгөхгүй, арьсыг “амьсгалуулдаг” даавуугаар хийсэн ор хөнжлийн даавуу зэргийг үйлдвэрлэдэг.
Английн зуу гаруй жилийн түүхтэй Charlotte Thomas Bespoke дэлхийн хамгийн үнэтэй ор дэрний даавуу үйлдвэрлэдэг. Зөвхөн нэг дэрний даавуу 2,500 доллар, харин ор, хөнжил, дэрний даавуутайгаа 10,000 гаруй долларын үнэтэй. Тансаг зэрэглэлийн даавууг та зөвхөн захиалга өгч хийлгэх боломжтой бөгөөд меринос хонины онцгойлон ялгасан ноосыг утас болгон ээрч даавуу нэхэж хийдгээрээ онцлогтой. Энэ бүхнийг гараар хийх ба 22 каратын алтан утсаар хээлдэг байна.
Харин орны бүтээлгүүдийг өндөр чанартай энэтхэг торгоор хээлж оёдог ажээ. Ийм ор хөнжлийн даавууг оёхдоо хамгийн дээд зэргийн материал ашигладаг учир олон арван жилийн туршид өнгө, чанараа алддаггүйгээрээ алдартай. Даавуун дээр гаргаж буй хээ цор ганц байх ба захиалагчтай ярилцаж байж гаргадаг ажээ.
Гэхдээ ийм ор дэрний хослолыг захиалснаас хойш нилээдгүй хугацаа хүлээх хэрэг гарна. Учир нь зөвхөн Танд зориулан энэ бүхнийг ээрч, нэхэж, хээлж, оёдог.
Сэтгэгдэл байхгүй байна