Монгол Улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ил тод Нээлттэй Улаанбаатар 1000” сэтгүүлчийн форумыг анх удаа энэ сарын 5-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Дээрх форумын үеэр “Мэдээллийн ил тод байдал”-ыг хангаж, нээлттэй засаглал бий болгохоор зорьж сүүлийн дөрвөн жилд хийсэн ажлаа 1000 сэтгүүлчийн өмнө тайлагнналаа.
Мөн нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж, ёслолын арга хэмжээний тунхаг бичиг гаргасан бөгөөд амжилт бүтээлтэй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад Нийслэлийн болон Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагнал гардуулах ёслол болсон юм.
Үүнд: Өдрийн сонин, Өнөөдөр сонин, Үндэсний шуудан сонин, Зууны мэдээ сонин Нийслэлийн засаг даргын хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан бөгөөд мөн үүнтэй ижил өргөжлөлөөр МҮОНРТ, UBS телевиз, ИЙГЛИ телевиз, БЛҮҮМБЭРГ телевиз болон GOGO.MN, TIMES,MN, NEWS.MN, MEDEE.MN гэх сайтууд дээрх шагналыг хүрсэн билээ.
Үүнээс гадна сэтгүүлчийн ажил болон өнөөдөрийн үйл ажиллагааны талаар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
- Сүүлийн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Үүнээс хамгийн том ажил нь юу вэ?
- Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн дууссан гэж хэлэхгүй ч гэсэн гурван том ажил байна. Нэгдүгээрт: Засаглалаа сайжруулах.
Хоёрдугаарт: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил. Энэ ажил нь 24 байршилд явагдаж байгаа бөгөөд ирэх жилд иргэд өөрсдөө хөрөнгө оруулалтаа аваад хийх хоёрдахь шатны ажил найман байршил эхлэх гэж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удааширч байна гэх шүүмжлэл бий.
Энэ нь тухайн газрыг эзэмшиж буй иргэд өөрсдөө тохиролцохгүй байсаар ийн удааширч байгаа хэрэг. Бид үүнийг захиргаадаж хийж болохгүй шүү дээ. Гурвадугаарт: Ард иргэдийн эдийн засгийн эрхийг нь нэмэгдүүлэхээр бичил зээл гаргасан буюу 15.2 тэрбум төгрөг гаргасан. Ажлын хувьд товчхондоо ийм байгаа.
- Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сэтгүүлчид Нийслэлд хэр их ташуур өгсөн гэж дүгнэх вэ?
- Бид яг үнэнийг хэлэхэд сэтгүүлчдийнхээ шахаанд ажиллаж байгаа шүү дээ. Харин ил тод нээлттэй байдлыг сэтгүүлчид ашиглахаасаа илүү улс төрчид ашиглаад байгаа. Тэгэхээр мэдээллийг улс төрчид ашиглахаараа будилуулчихдаг. Тиймээс энэ байдлыг ч мөн арилгах хэрэгтэй.
Мөн форумын үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга: “Нийслэлд жилд 500 тэрбум төгрөгийн төсөв төвлөрдөг.
Үүний 50 хувь нь усргал зардал буюу ихэнх нь оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтөд зарцуулагддаг.
Үлдсэн 50 хувиар нь бүтээн байгуулалт хийдэг” хэмээлээ.
Үүнээс гадна өнгөрсөн онд 70 сая төгрөгөөр хийгдсэн гэх Арслантай гүүрний усан хөшигний ажлын талаар Хотын ерөнхий менежер Б.Бадрал: “70 сая төгрөг бол усан хөшигний бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдсан.
Энэ жил дахин засварын ажил хийгдэнэ. Манайхан Солонгос болон гадны улсын өндөр өртгөөр хийгдсэн усан хөшигтэй харьцуулж яриад байгаа юм.
Гэтэл зардал болон нөхцөл байдлыг нь харьцуулахын аргагүй. Мөн Зайсангийн усан хөшгийг нээсний маргааш иргэд зарим зүйлийг нь хулгайлсан байсан” хэмээлээ.
Ийн өнөөдрийн үйл ажиллагаа “Ил тод нээлттэй Улаанбаатар” гэх нэрийн дор амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна