Дэлхийн хоёр бөхт тэмээний өлгий нутаг болсон Өмнөговьчууд тэмээний баяраа хийж, гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох гэж байна.
Ардчилал гарч амьдрал дээшилж, түүхийн хуудаснаа тодоор зурайх онцлох үйл явдлууд олон тохиолоо. Сүүлийн жилүүдэд малчид хөдөлмөрчдийн дунд хүлээлт болж байсан ханын хэцийн хүрэн, галбын говийн улаан хоёр омгийн тэмээдээ оны босгон дээр үүлдэр болгон баталгаажууллаа.
Энэ бол говьчуудын буянт мал сүргээ өсгөн үржүүлэх, хайрлан хамгаалах чиглэлээр баримталж буй бодлого, хийж буй ажлуудын үр дүн юм. Тэнгэрлэг говийн тэмээн сүрэг улсдаа тэргүүлсээр байна. Монгол улс 367938 тэмээ тоолуулсны 1/3 буюу 118584 нь өмнийн шаргал говьд идээшлэн байна.
Нүүдлийн мал аж ахуйн суурь болсон тэмээн сүргээ сүүлийн жилүүдэд тогтвортой өсгөж улсдаа тэргүүлж байгаагийн хувьд, тэмээн сүргийнхээ сүү цагаан идээ, ноос ноосон бүтээгдэхүүнээр зах зээлд оролцож буйн хувьд Өмнөговьчууд тэмээний баяраа хийж, ололт амжилтаа дэлхийн түүхэнд мөнхлөх цаг болжээ. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас санаачлан Монгол тэмээ-999 арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Цаг агаарын байдал сайнгүй байгаа ба замын хөдөлгөөнийг хязгаарласан. Гэхдээ дээрх арга хэмжээ цаг агаарын байдлаас хамаарч хойшлогдохгүй гэдгийг тус аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна