• Эхлэл
  • Орон нутгийн бүх чиглэлийн зам, давааг нээжээ

Орон нутгийн бүх чиглэлийн зам, давааг нээжээ

2016/03/05

Өнгөрсөн хоногт Онцгой байдлын албаны 150 гаруй албан хаагч, 72  техниктэйгээр үүрэг гүйцэтгэж, төөрсөн, цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан, автомашин эвдэрсэн, хээр шатахуун дуусч саатсан нийт  638 иргэнийг осгож хөдлөх аюулаас сэргийлж аюулгүй байдлыг ханган 152 автомашиныг цаснаас татан гаргасан байна. Цаг агаарын нөхцөл байдал таагүй байгаа үед сайн санаат хүмүүс тэдний ажилд туслалцан хамтран ажилласан байна. Тодруулбал:

Авто машины клубууд сайн дураараа ОБЕГ-тай хамтран ажилласан байна.

Аврах үйл ажиллагаанд өчигдөр нийт автомашины клубүүдын 47 автомашин, 102 хүний бүрэлдэхүүнтэй баг цасан шуурганы үеэр ажиллажээ. Цасанд боогдсон болон суусан нийт 224 хүн, 98 автомашиныг татан гаргаж туслалцаа  үзүүлсэн байна. Ийн сайн дураараа бусдад тусламж үзүүлсэн клубын гишүүдэд Фэйсбүүк хэрэглэгчид талархал илэрхийлсэн байна. Мөн  тэдний нийгэмд үзүүлж буй хувь нэмэрийг саашаахгүй байхын аргагүй хэмээн өөрсдийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.  

Үүнээс гадна цаг агаарын таагүй байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлд болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан. Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газрын саналыг үндэслэн Зам тээврийн сайдын тушаалаар 2016 оны гуравдугаар сарын 5-н буюу өнөөдөр өглөөний 09.00 цагаас улсын болон орон нутгийн бүх чиглэлийн зам, давааг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.


Сэтгэгдэл байхгүй байна