Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.06/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймагт болж буй говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”-ий нээлтэд оролцсоны дараа иргэдтэй уулзалт хийв.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын талаар Өмнөговь аймгийн иргэдэд танилцуулж, мэдээлэл хийв.
Их Хурлын дарга ипотекийн зах зээлийн талаар, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтээс үүдэн үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, 2012 оноос бага хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлснээр барилгын салбар, барилгын материалын үйлдвэрлэл сэргэж, олон мянган монгол ажилчид ажлын байртай болсон уялдаа холбоог дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн энэ үеэр Засгийн газраас ипотекийн зээлийн хоёрдугаар шат эхлүүлж байгааг албан ёсоор дуулгасан юм. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс /434/, нийслэлийн алслагдсан 3 дүүрэг /945/, хөдөө орон нутаг 21 аймгийн нутаг дэвсгэр /17071/, Улаанбаатар хотын зарим дүүрэгт нийт 18450 өрх ипотекийн зээл нь 5 хувийн хүүтэй болж байгааг танилцууллаа.
Өмнөговь аймагт 1155 орон сууцны зээл бүртгэлтэй байдаг. Эдгээрээс 700 гаруй нь аймагтаа байдаг статистик байсныг дуулгаад зээлийн хүүгийн өөрчлөлтөөр ипотекийн зээлтэй иргэдийн өрхийн санхүүд хэр хэмжээний хэмнэлт хийж болох тооцооллыг хийж үзүүлэв.
Мөн хөдөө аж ахуйн нөхцөл байдлын талаар танилцуулж, тус салбар дахь экспортын нөхцөл байдал, хэтийн төлөв, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Ийнхүү Өмнөговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалтынхаа төгсгөлд иргэдийн асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага өрнүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл байхгүй байна