Бангкокт зэвсгийн дэлгүүр дээрэмдэхийг завдсан монгол залуу цагдаа нарт буудуулан амиа алдаж, түүний хамсаатан гурван залуу баривчлагдсан гэж Тайландын “The Bangkok Post” агентлаг мэдээлсэн гэсэн мэдээлэл гарсан. Цагдаа нар “Тэдний бичиг баримтыг шалгахад БНХАУ-ын гадаад паспорттой байсан. Тэд дэлгүүр дээрэмдэхдээ ББ буу болон хутга ашигласан” хэмээн хэлсэн байна. Харин зарим хэвлэлд тэд БНХАУ-ын паспорттой, монгол хэлээр ярьдаг залуус байсан гэж мэдээлсэн гэгдэж буй. Тэгвэл энэ талаар Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас албан ёсны мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд:
"Тайландын Вант Улсын “Бангкок Пост” цахим хуудсанд энэ сарын 05-нд гарсан “1 dead, 3 held in botched gun shop robbery“ гарчигтай мэдээ гарлаа.
Гуравдугаар сарын 4-ний өдрийн баасан гарагт Бангкок хотын “Yaowarat” дүүрэгт байрлах бууны дэлгүүрийг дээрэмдэхийг завдсан гэмт этгээдүүд Монгол Улсын иргэд байсан гэх ташаа мэдээлэл цацсан юм.
Гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүд нь Монгол Улсын иргэд биш болохыг нотолсон мэдээг Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн. Уг хэргийг Монголчууд үйлдсэн талаар ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд залруулга хийлгэхээр ажиллаж байна" гэжээ.
Энэхүү дээрмийн хэрэг өнгөрсөн баасан гаригийн 11 цагийн орчим Пхра Накхон дүүрэг дэх “Интерармс” зэвсгийн дэлгүүрт гарчээ. Энэ дүүрэгт зэвсгийн маш олон дэлгүүр байрладаг аж. Комиссар Санит Махатхауорны хэлснээр, баг зүүж нүүрээ халхалсан дөрвөн залуу дэлгүүрт орж, дэлгүүрийн эзэн Пакорноос ББ буу өгөхийг шаарджээ. Дэлгүүрийн эзэн эсэргүүцэл үзүүлж, Ситтхинон гэх эрийн хамт хөнгөн гэмтэл авч, хоёул эмнэлэгт хүргэгдсэн байна.
Цагдаагийнхан тус дэлгүүрт ирэхэд дээрэмчид хоёр мотоцикльд сундлан зугтахыг оролджээ. Сэжигтнүүдийн гурав нь шархдаж, нэг нь эмнэлэгт амьсгал хураасан байна. Дөрөв дэх сэжигтэн зугтаж амжсан боловч цагдаагийнхан цагийн дараа “Сой Сиричай 1”-ийн нэгэн байшинд нуугдаж байхад нь илрүүлэн баривчилжээ. Эдүгээ сэжигтнүүдийг Самран Ратын цагдаагийн газарт байцааж буй юм байна. Цагдаагийнхан хэргийн газраас хоёр гар буу, халаасны хутга, хос гав, хос радио дамжуулагч болон хуурамч тусгай зөвшөөрөл бүхий хоёр мотоцикль хураан авсан байна гэсэн мэдээлэл гараад байгаа юм байна.
Тус улсын Үндэсний цагдаагийн газрын дарга Шактхип Чайжинда "Анхны мөрдөн байцаалтаар дээрмийн хэрэгт таван хүн оролцсон нь тодорхой болсон" гэж мэдэгджээ. Мөн тэрээр "Тав дахь сэжигтэн эрх чөлөөтэй яваа бөгөөд дээрмийн хэргийг зохион байгуулагч нь" гэж хэлсэн байна. Тав дахь сэжигтний хувьд Тайландад олон жил болсон, Тайланд хооронд ирэн очин байдаг нэгэн бололтой.
Пол Ген Чактхирийн хэлснээр, хэрэг гарахаас өмнө дөрвөн этгээд дээрмийн хэрэг гарсан байршилд эргэлдээд байжээ. Бангкокийн цагдаагийн дарга хэлэхдээ “Тэд хэдэн өдрийн турш тус дэлгүүр орчмоор эргэлдэж, улмаар дэлгүүрийн эзэн ийм зүйл болж болзошгүй байгаа тухай цагдаагийнханд хэл гэж “Бангкок пост”-д бичсэн байна. Харин яагаад дээрэм хийхийг завдагсдыг монгол гэж андуурсан талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна