• Эхлэл
  • Нэгэн гараанаас 1132 тэмээ уралдлаа

Нэгэн гараанаас 1132 тэмээ уралдлаа

2016/03/07

Энэ хаврын онцлог арга хэмжээний нэг нь “Монгол тэмээ-999” арга хэмжээ байсан. Өвлийн аялал жуулчлалын бас нэгэн анхаарал татам баяр болж чадсан Тэмээний баярыг энэ жил өргөжүүлэн нэг гараанаас 1000 тэмээ уралдуулж, Гиннесийн номонд бичүүлэх сонирхол татам арга хэмжээ энэ өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо боллоо.

Дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээний баяр гэдэг монголчууд төдийгүй гадаадынхны сонирхлыг татах нь зүй.

Харамсалтай нь баярын өмнөх өдрүүдэд цаг агаар хүндэрч, нийслэлээс гарах авто тээврийн хэрэгслийг хязгаарлаад байсан ч гуравдугаар сарын 6-нд эхэлсэн баярт гадаад, дотоодын олон зочин оролцсон байна. Ялангуяа зөвхөн Өмнөговь гэлтгүй Дорнод, Увс, Дорноговь зэрэг есөн аймгаас тэмээн жинтэй зочид оролцсон нь олны анхаарлыг татлаа.

Баярын эхний өдөр нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж, Сайхан хос шалгаруулах болох Буухиа тэмцээн зохион байгуулав. Буухиа тэмцээнд нийт 19 баг тамирчид оролцон, тэмээгээр ачаа ачиж, хангал тэмээг бугуйлдаж унагаан зогдор хяргаж түүгээр бурантаг томох даалгаврыг гүйцэтгэсэн байна. Мөн багийн нэг гишүүн буйл зорж хангал тэмээгээ бурантаглан туйлуулж ур чадвар, тэсвэр тэвчээр уран ухаанаа үзэгч түмэнд гайхууллаа. Буухиа тэмцээнд нэгдүгээр байрыг Ханхонгор сумын Базархайрхан  баг, 2-р байранд Булган сумын Хөсөгтөн баг, 3-р байранд Ханбогд сумын баг тус тус шалгарчээ.

Харин "Сайхан тэмээтэй сайхан хос" шалгаруулах тэмцээний 1-р байранд Өмнөговь аймгийнЦогт-овоо сумын хос, 2-р байранд Мандал-овоо сумын хос, 3-р байранд Ханхонгор сумын хос тус тус шалгарсан байна.

Хүсэн хүлээсэн 1000 тэмээний уралдаан орон нутгийн цагаар 13.00 цагт эхэлж, нэг гараа таван байрлалаас 1132 тэмээ уралдсан байна. Уралдааны комисс эхний 300 тэмээг бүртгэж, өргөмжлөл олгох бөгөөд нэгдүгээр байрын эзэнд долоон сая, хоёрдугаар байрт зургаан сая, гуравдугаар байрт таван сая, дөрөвдүгээр байрт дөрвөн сая төгрөгийн шагнал гардуулна. Уралдааны явцыг Гиннесийн номд бүртгүүлэх ажлын хэсгийнхэн хянаж байна гэж Даланзадгадаас мэдээллээ.

Ч.Гэрэл


Сэтгэгдэл байхгүй байна