Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн профессор багш нар болон бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшихээр суралцагч оюутнуудын дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна.
Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр багшилж, суралцаж байгаа профессор багш, оюутнууд хамтарч дээд боловсролын сургалтын байгууллага ба үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэх төсөл бичиж оролцоно.
Төсөл хэрэгжүүлэх зорилго:
- ДБСБ ба үйлдвэрлэлийн түншлэлийг харилцан үр ашигтай хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх,
- Үйлдвэр эсвэл гарааны компаний туршилт, судалгааны ажилд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх технологийн шинэ, шинэлэг шийдэл дэвшүүлж, хэрэгжүүлэх,
- Оюутнуудад үйлдвэрлэлийн орчинд практик сургалтыг шинэ хэлбэрээр үр дүнтэй явуулах,
- Энтрепренершипийг хөгжүүлэх
Хэрэгжүүлэх хугацаа: 9 сар хүртэл
Тэтгэлгийн хэмжээ: 50 сая төгрөг хүртэл
Төслийн баг: 6-14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Төслийн багт дээд боловсролын сургалтын байгууллагын багш, оюутан, холбогдох аж ахуйн нэгж, үйлдвэр эсвэл гарааны компанийн төлөөлөл байна. Төслийн үр дүнг сайжруулах үүднээс өөр мэргэжлээр суралцагч оюутныг хамруулж болно. Багийн бүрэлдэхүүний 40-өөс багагүй хувь нь эмэгтэй байна.
Сонгон шалгаруулалт:
Нэгдүгээр шат: Харьяалах сургуулийн Эрдмийн Зөвлөл хэлэлцэж сонгон шалгаруулна.
Хоёрдугаар шат: БСШУЯ-аас томилсон Олон талын төлөөлөл бүхий хороо сонгон шалгаруулна.
Өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг http://www.meds.gov.mn, http://www.herp.mn вэб хуудаснаас авна уу. Уралдааныг 2016 оны 3 дугаар сарын 15–ны өдрөөс эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Сэтгэгдэл байхгүй байна