• Эхлэл
  • Хүүхдийн болон одонгийн мөнгө олгогдож байна

Хүүхдийн болон одонгийн мөнгө олгогдож байна

2016/03/09

Сар шинийн өмнөхөн алдарт эхчүүдийн одонгийн мөнгийг олгоно хэмээж байсан ч хойшлогдоод эмэгтэйчүүдийн баяраас өмнө өгөх болсон.

Гэвч зарим газруудад заасан хугацаанд өгөөгүй буюу баяраар мөнгөө авч чадаагүй иргэд байсан юм.

Учир нь баярын яг өмнөх өдөр буюу гуравдугаар сарын 7-ноос олгож эхэлсэн бөгөөд энэ өдөр банкинд оочир дараалал үүсэн банкны зүгээс бэлэн мөнгө дууссан тул хадгаламж руу шилжүүллээ гэх хариу өгсөн байна.

Энэ мэтчилэн одон болон хүүхдийн мөнгө олгох асуудал иргэдэд чирэгдэл учруулж байдаг талаар иргэд бухимдалтайгаар хэлж байлаа.

Ямартай ч нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас энэ сарын 4-нд банкууд руу шилжүүлжээ. Улмаар энэ сарын 7-ны өдрөөс эхлэн алдарт эхчүүдэд одонгийн мөнгийг нь олгож эхэлсэн байна. Зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмжийг жилд нэг удаа  өгдөг. 

Улсын хэмжээнд 208 мянган одонтой ээж байгаагийн 78 мянга нь нэгдүгээр, 130 мянга нь хоёрдугаар зэргийн одонтой. Одонтой эхчүүдийн мөнгөнд нийт 25.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн аж.

Үүнээс гадна хүүхдийн мөнгийг ч олгож эхэлсэн байна. Хүүхдийн мөнгийг өрхийн амжиргааг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 насны бүх хүүхэд авах боломжтой. Өнгөрсөн сард зарим хүүхдүүд бүртгэлд хамрагдаагүйгээс болж мөнгө авч чадаагүй. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхэд хүүхдийн мөнгө олгох боломж бүрджээ. Иргэдийн хувьд бүртгэлтэй банкаараа дамжуулан авах боломжтой аж.

 


Сэтгэгдэл байхгүй байна