Монгол Улсын хувьд цэцэрлэг сургуулийн хүрэлцээ муу байгаа талаар ярьсаар ирсэн.
Ийн хүрэлцээ муугаас зарим хүүхдүүд боловсрол эзэмших боломжгүй буюу гэртээ байгаа нь нийгэмд сөрөг байдал үүсгэж байгаа аж.
Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд гэртээ цоожлогдох, хөрш айлдаа үлдэх гэх мэт байдал нь эргээд хүүхдийн эрхийг зөрчих байдал үүсгээд байгаа ба хүчирхийлэлд өртөж байна.
Тиймээс хүүхэд харах үйлчилгээний тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ХАХНХ-ын сайдын хоёр тушаал гарсан билээ. Дээрх хуульд нэгдүгээрт, хүүхэд харагчийг бэлтгэх жишиг хөтөлбөр, хүүхэд харах үйлчилгээний тухай журам баталсан.
Хоёрдугаарт, стандартын үндэсний зөвлөлөөр хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага стандарт батлагдсан.
Гуравдугаарт, Засгийн газрын тогтоолоор нэг хүүхдэд оногдох санхүүжилт олгох журмыг баталсан.
Одоогийн байдлаар 1,8 тэрбум төгрөг хүүхдийн төлөө газрын дансанд шилжсэн талаар албаны хүн мэдээллээ.
Мөн энэ улиралд багтаагаад хүүхэд харагчдад олгох бөгөөд үүнээс өмнө Сангийн яамнаас орон нутагт квот тогтоох юм байна. Учир нь бүх хүүхдийг хамруулах боломжгүй аж.
Энэ жилийн хувьд 9000 орчим хүүхэд дээрх үйлчилгээнд хамрагдах бөгөөд 1700 хүүхэд харагч бэлтгэх юм. Өнөөдрийн байдлаар 1680 хүүхэд харагч улсын хэмжээнд бэлтгэгдчихсэн байгаа ба 1000 орчим нь стандартад нийцсэн байр саваа бэлтгээд, зөвшөөрлөө авч эхэлсэн байна.
Зөвшөөрөл авсан хүн бүр үйл ажиллагаагаа явуулж эхлэх үед асарч байгаа хүүхдийн тоогоор мөнгө шилжүүлэх ажил явагдах юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна