• Эхлэл
  • Ж.Жаргалсайхан: Би үзэг нэгтнүүдээ өмгөөлөхийг хүсдэг

Ж.Жаргалсайхан: Би үзэг нэгтнүүдээ өмгөөлөхийг хүсдэг

2016/03/10

“Амьдралын тойрог” энэ удаа үзэг нэгт журмын нөхөр, хувь хүн, улс төрчид, аж ахуй нэгжийн PR зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ цахим сэтгүүлзүйг хөгжүүлж буй сэтгүүлч Жарантайн Жаргалсайханыд зочиллоо.

Ж.Жаргалсайхан гэж хэн бэ гэсэн асуултад түүний хэвлүүлсэн нэгэн номын өмнөтгөл дэх “Гунигийг чинь үргээх гурван үг хэлж чадах, гутралыг чинь тайлах сайхан инээмсэглэл бэлэглэж чадах, аз жаргалыг чинь хуваалцаж адилхан хөөрч чадах, амжилтаар чинь бахархаж түмэн хүнд хүргэж чадах Жагаа гэж би байна даа” гэсэн өгүүлбэр хэлээд өгнө. үүгээр тэр өөрийнхөө зан чанар, үзэл бодол, мэдлэг мэргэжлээ бүгдийг багтаагаад хамгийн товч хэрнээ тодоор илэрхийлчихсэн мэт. 

СЭТГҮҮЛЧ ГЭДЭГ АЯНГА ШИГ ХҮЧТЭЙ МӨРТЛӨӨ АВРАГЧ ШИГ ОЙРХОН ҮГИЙГ АЛДАР ГЭЖ ОЙЛГОДОГ 

Тэр таван хүүхэдтэй айлын хамгийн том нь. Ж.Жаргалсайхан гэдэг нийтлэг хэрнээ эмэгтэй хүнд ховор өгдөг нэрэндээ тэр их хайртай. Энэ нэр магадгүй модель бүсгүйд ч юмуу, дуучин охинд тохиромжгүй байсан байж мэднэ. Харин бизнес эрхлэхэд, ажил хэрэг явуулахад, сэтгүүлчийн мэргэжлийн ажлаа хийхэд түүнд яг тохирсон мэт.

Тэр 1990-ээд оны сүүлчээр хэвлэл мэдээллийн салбарын халуун тогоонд хөл тавьсан ч саяхныг хүртэл өөрийгөө сэтгүүлч гэж хэлэхээсээ эмээж явжээ. Сэтгүүлч гэдэг мэргэжлээр диплом өвөртөлсөн ч хэн дуртай нь өмчлөөд, хэлээд явдаг тийм “сул үг” биш. Энэ аянга шиг хүчтэй мөртлөө аврагч шиг ойрхон үгийг авьяас, ур чадвар, хөдөлмөрийг үнэлж ирдэг алдар гэж ойлгодог тэр ярьж байв. Анх “Компьютерийн ажилтан авна” гэсэн зараар очоод л “Сэрүүлэг” сонинд сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн гэнэ. Тэнд түүнийг тосч авсан хүмүүс нь энэ цаг үеийн сэтгүүлзүйн салбарын том төлөөлөгчид болсон С.Баярмөнх, Д.Болдхуяг нар гэж бодохоор бас л хувь зохиол мэт ээ.

“Сэрүүлэг” сонинд хоёрхон сар ажиллаад Хариуцлагатай нарийн бичгийн дарга гэдэг том албан тушаалд дөнгөж сургууль төгссөн жаахан охин очиж байв. 1996- 2000 оны парламентад чөлөөт хэвлэлүүдээс анх удаа “Сэрүүлэг” сонин парламентын сурвалжлагчтай болж тэр хүндтэй үүргийг гүйцэтгэж байв. Сүүлд нь сэтгүүлзүйгээр магистр хамгаалж энэ салбарт мэргэшиж эхэлсэн. Одоо МУБИС-д сэтгүүлзүйн чиглэлээр докторантурт сурч байна. Нягтлан бодогчийн мэргэжил бол хувиараа юм хийж эхэлснээс үүдэлтэй байх. Харин хийж буй ажил минь хуулийн хүрээнд явагдаж байна уу, эрх ашгийг минь хэн нэгэн зөрчөөд байгаа юм биш байгаа, би өөрөө бусдын эрх ашгийг зөрчих юм хийж байгаа юм биш биз гэдгийг мэдэж үйл ажиллагаа явуулж байя гэхдээ эрхзүйч болсон” хэмээн тэр даруухан өгүүлдэг юм.

Түүгээр ч зогсохгүй “Миний мөрөөдлийн нэг нь “Сэтгүүлчдийн өмгөөлөгч” болох. Салбарынхныгаа хараад байхад үргэлж том, том мөнгө нэхэж сүрийг үзүүлсэн нэхэмжлэгчид, төрийн толгойд гараад суучихсан эрх мэдэлтнүүд, олигархжсан нөхдийн өмнө хүчин мөхөстдөг. Тийм болохоор мэргэжил нэгтнүүдээ өмгөөлдөг, тэдний төлөө ажилладаг хэвлэл мэдээллийн салбартай холбоотой хэргээр мэргэшсэн өмгөөлөгч болох бодол бий” гэсэн юм.

“АМУКА” ХҮҮХДҮҮДЭД, АЙЛ БҮРТ ХҮРЭГ 

Зарим нь түүнийг нэг ажилд удаан тогтохгүй байна гэж шүүмжилдэг. Хүн ажлаа сольж байх нь эрүүл үзэгдэл гэдэгтэй харин тэр санал нийлдэг нэгэн. Энэ тухай асуухад минь “Эрвээхэй шиг нисч буугаад явах нь юу юм, гэхдээ орчин үеийн байгууллагын соёлд нэг буурин дээрээ удаан сууж буй мэргэжилтнээс шинэ сэргэг зүйл хүлээх хэрэггүй гэсэн сэдэл үйлчилж байна. Эргээд харахад олон зүйлийг шинээр эхлүүлж, олон зүйл санаачилж хэрэгжүүлжээ. Сайхан байна. Хийе гэсэн ганц хүслээр л бүтсэн, түүнээс биш би мөнгөтэй хүн биш.

“Сэрүүлэг” сонины анхны сурвалжлагчдын нэг гэдэг үгийг би азаар “эзэмшээд” байдаг юм. Хүмүүс ингэж хүлээж аваад сурчихсан болохоос намайг орж ажиллах үед аль хэдийнээ топ сонин болчихсон байсан. Дараа нь “Сурагч” нэртэй хүүхдийн сониныг санаачилж зах зээлд нэвтрүүлсэн маань их амжилт дагуулсан. Зам тээвэр, аялал жуулчлалын яамыг шинээр байгуулагдахад мөн л тэнд Г.Батхүү даргынхаа багтай гар нийлэн ажиллаж үүднийх нь хаяг, самбарыг хийлгэхээс эхлээд оролцож явсан минь сайхан.

ShuuD.mn сайт, Шууд ТВ-ийг Д.Болдхуяг ах болон хөрөнгө оруулагчид, баг хамт олонтойгоо босгосон. “Шууд” гэдэг нэртэй домэйнийг бодож олохоос эхлээд анхны “S” үсгийг цаасан дээр буулган төслийг нь боловсруулж байлаа. Дараа нь Mass. mn сайтаа Л.Мөнхжаргал ах болон хамт олныхоо дэмжлэг, туслалцаатайгаар босгосон. Нэрнээс өөр зүйлгүй ажилд маань Т.Ганди сайдаас эхлээд хамтран ажиллах гэрээ хийн дэмжсэн нь намайг хийж чадна гэж итгэсэн итгэлийн хүч байсан.

Одоо манай баг, хамт олон мэргэжлийн сэтгүүлзүйг интернетийн орчинд байршуулахад хүчин зүтгэж Ontslokh.mn мэдээллийн вебсайтыг ажиллуулж байна” хэмээв. Түүний хийж буй өөр нэг ажил гэвэл амин үр, ганц охиныхоо нэрээр нэрлэсэн “Гоо Амука” сэтгүүл, Amuka. mn портал сайт. Ер нь бол хүүхдийн гэсэн бүхэн үгүй болж байхад хүүхдэд зориулж юм хийхсэн гэсэн сэтгэлээр алдагдал хүлээн хийж буй ажил нь энэ юм. Тэр өөрөө Хүүхдийн элчийн сонгуульт ажилтай л даа. Төв аймгийн Батсүмбэр сумын хүүхдийн элчээр сонгогдоод долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм.

Amuka. mn бол Монголын анхны хүүхдийн мэдээ мэдээллийн портал сайт. Энэ сайт дотроо мэдээний, бага насны, өсвөр насны, багшийн, хичээлийн, сургуулийн, эцэг эхчүүдийн, чөлөөт цагийн, бараа бүтээгдэхүүний гээд олон дэд сайттай. Хөөрхөн охиныхоо нэрээр нэрлэсэн энэ сайтаа хүүхэд, түүнийг тойрсон нийгэм орчин, гэр бүл, сургууль гээд бүх л зүйлд хамаатай мэдээ мэдээллүүд нийтлэгддэг түм түжигнэж бум бужигнасан газар болгох хүслээр бүтээжээ.

Хүүхдүүдэд унших сэтгүүл, мэдээлэл олж авах сайт алга байна. Энэ бүхэнд эмзэглэсэн сэтгэл минь хүүхдийн сэтгүүл, сайт хийхэд хүргэсэн гэдэг. үүнээс гадна хувь тохиолоор ч гэхүү 15 жилийн өмнө түүний анх үүсгэн байгуулж байсан “Сурагч” сонин нь түүний гар дээр буцаж иржээ. Одоо “Сурагч” сонин сэтгүүл болон сурагчдын гар дээр очдог болж байна. Энэ бүхэн зүгээр л хүүхдүүдэд хүрэг, айл бүрт байж байг. Бид хүүхдийнхээ ходоодыг ч, оюуныг ч хамтад нь хооллож байж зөв хүн болгоно шүү дээ” гэсэн юм. Түүнд бас сонгуульт ажил олон бий.

Монголын бараг бүхий л сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтын Холбоо хэмээх том байгууллагын Ерөнхийлөгчөөр салбарынхныхаа “даалгавраар” сонгогдон ажилласан байна. өнгөрсөн жил МСНЭ-ийн их хурлаар Удирдах зөвлөлийн гишүүн, Цахим мэдээллийн мэргэжлийн төвийн даргаар сонгогдсон. Жагаа маань үүнийг “Манайхан надад том даалгавар өгч байгаа нь энэ” гэж хүлээж авчээ. Тийм болохоор онлайн сэтгүүлзүйн салбар, интернет орчинд үйл ажиллагаа эрхлэгчид, энэ салбарт ажиллагсдын эрх ашгийн төлөө хэзээд бат зогсоно. Мэргэжил нэгтнүүдийнхээ хүнд үед өчүүхэн ч гэсэн тус дэм болж, хэцүү бэрх бүхнийг хамтдаа даван туулахыг хичээж л явна хэмээсэн.

УЛС ТӨРЧДИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ ХАРЬЦАХ ХАРЬЦААГ “ХАМЕОЛОН” ГЭЖ ХЭЛНЭ 

Жагаа бол улс төрийн гал тогоонд мэдрэмжтэй, хурдтай ханддаг сэтгүүлчдийн нэг. Энэ тухай асуухад минь “Сэтгүүлчдэд эрх мэдэлтнүүд, улс төрчид хоёр янзаар л ханддаг. Нэг юм хийчихээд түүнийгээ олон нийтэд таниулах, би хийчихлээ гэж хэлэх шаардлага тулгарахаараа сэтгүүлч шиг сайн хүн түүнд үгүй болдог.

Гоё сайхан үг хэлнэ, хоолонд урина, айлчлалын бүрэлдэхүүнд багтаана, амралтанд явуулна, бэлэг сэлт өгнө, сэтгүүлчдэд “хайр зарлана”. Тэгж байснаа өөрийнх нь зэс цухуйж, болохгүй бүтэхгүй зүйлд орооцолдоод, хутгалдаад ирэхээрээ сэтгүүлчийг доромжилно, занана, дайрч давшилна, редакцийг нь худалдаад авчихна, шүүх цагдаад өгнө, үгнээс өөр зэвсэггүй сэтгүүлчээс өөрийнхөө мөрөөдлийн мөнгийг нэхнэ. Улс төрчдийн сэтгүүлчдэд хандах энэ хандлага бол яг л “хамеолон” юм” гэсэн.

Дээр нь “Улстөрчдийн тухай, улс төр ярилаа гээд би улс төрд орохгүй л дээ. өнөөгийн улс төрчид бол ард түмний тухай үнэндээ их богино хугацаанд боддог болсон. Ердөө дөрөвхөн жил л, сонгуулиас сонгуулийн хооронд л бодож байна. Түүнээс цааших нь ямар ч улс төрчид хамаагүй байна. Дөрөвхөн жил гэдэг бүхэл бүтэн улс үндэстний хувьд, нийт ард түмний хувьд их богино хугацаа. Монгол Улсын хувь заяа өнөөдрийг л аргацааж байвал маргааш хоолтой байх эсэх нь өөрт нь хамаагүй арчаа муутай гэрийн эзэнтэй айл шиг л санагдаж байна” хэмээн бодлоо хуваалцлаа.

ҮГЭЭР ШАГНУУЛЖ ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРЛЭЭ 

Энэ удаа Жагаагийн хувийн архив, тэмдэглэлийн дэвтрүүд дэх “нууц”-д халдах бяцхан завшааныг бид алдаагүй. үзэх нь ээ, тэр дандаа л бусдын хэлсэн сайхан үгээр тэжээгдэж сэтгэл санаа нь гал цогтой хэвээр өнөөг хүрсэн санагдана. Жишээ нь, “Хонх”-ын С.Цогтсайхан 1990-ээд оны сүүлчээр түүнд ярилцлага өгчихөөд “чи ч сэтгүүлзүйд юм дуулгах хүүхэд байна шүү, цогтой байгаарай, хүсэл тэмүүллээ битгий унтраалгачихаарай” хэмээн бичээд “Тарчлаан” номоо дурсгасан байх юм.

Энэ тухай өөрөөс нь асуухад “Тэр үеийн миний мундаг сэтгүүлч гэж юу байхав, харин тэр сайхан хүний үг өнөөдөр намайг энэ байр суурин дээр минь зогсоож байгаа гэдэгт би итгэдэг. Дараагийн урмын үгийг би Го.Бадарч гэж хэр баргийн зүйл санаанд нь таардаггүй найруулагчаас авч байв. Телевизэд зориулсан нэг зохиол бичсэнийг минь “Монгол телевизэд өдий хүртэл ажиллахдаа би Г.Золжаргалаас өөр ингэж бичдэг хүн үзсэнгүй гээд Б.Ганболд дарга дээр зохиолыг чинь барьж орсон” гэж хэлснийг мартдаггүй.

Бас л намайг хэтрүүлж магтсан байх, гэсэн ч тэр үг нь намайг өдий олон жил тэжээж Шууд ТВ-ийн төслийг хийхэд хүргэсэн байх. Мөн би Г.Батхүү гишүүнтэй олон жил ажилласан л даа. 2008 оны сонгуульд ялж, УИХ-ын дэд дарга болсных нь дараа “Сэрүүлэг” сониндоо эргээд очлоо гэхэд минь Г.Батхүү дарга надад нэг үг хэлсэн. “Миний нүд рүү хараад л намайг юу хэлэх гээд байгааг ойлгож, мэдэрч бичдэг ийм хүнээ явуулж байгаадаа харамсаж байна” гэж. Хүмүүс өчнөөн жил дэргэд нь ажилласан та нарт Г.Батхүү юу өгсөн бэ, байр уу, машин уу гэцгээдэг.

Надад даргын маань хэлсэн энэ үг ямар ч мөнгө төгрөгөөр үнэлшгүй тийм үнэ цэнэтэй буусан. Хийх бүтээх их зүйлийн эхлэлийг тавьж, бас би хийж бүтээж явснаараа бахархаж болох нь гэх итгэлийг өгсөн” гэсэн юм. Энэ сурвалжлагыг хийх явцдаа миний бие гурван жилийн өмнө түүнд дурсгасан тэмдэглэлийн дэвтрээ олж үзэв. Эхний хуудас дээр нь “чи бол сэтгүүл зүйн салбар дахь хүчирхэг эмэгтэй шүү. Улам их амжилт” гэсэн үг бичсэнээ олж харав.

Тэр үнэн. Харин энэ үг түүнд ямар их урам өгснийг мань хүн сая л хэлж байгаа юм даа. Энэ мэтчилэн ээж аавынх нь, хайртынх нь, найз нөхдийнх нь, ах дүүсийнх нь, баг хамт олных нь түүнд зориулж хэлсэн сайхан үгс л түүнийг амьд байлгадаг гэж тэр нэгэнтээ бичжээ. Мөн түүний өгсөн урмаар тэжээгдэж амжилт гарган, амьдралаа сайхан авч яваа хүмүүсийн үгс ч цахим хуудаст нь дүүрэн байна. Тэр хүмүүсийн амьдралд өчүүхэн ч болов гэрэл гэгээ өгч чадсанаараа бахархаж явдаг юм билээ.

ӨЧИГДРИЙН ТААГҮЙ ЗҮЙЛ ӨНӨӨДӨР ЭРГЭЭД ХАРАХАД ТААТАЙ САНАГДАХ НЬ БИЙ 

Түүнтэй ярилцаж суухад “Таагүй зүйл тохиолдоно оо, дандаа ийм сайхан байгаагүй. Унаж босно. Уйлж бас инээнэ. Би ямар ч зүйлийн араас харамсаад байдаггүй. өнөөдөр үүссэн хүнд байдал маргаашийн боломжуудыг л надад бэлэглэсэн байхыг олон удаа мэдэрсэн.

Ангийн охидоо нэг баг болж ажиллаач гэж урьчихаад “ангийн хүүхэд” гэсэн шалтгаанаар халах болсондоо харамсаж ердөө “иймхэн” шалтгаанаар татгалзаж боломгүй телевизийн захирал гэдэг том ажлыг хүсэлтээрээ өгч байсан үе бий. Зарчим минь зөв байсан болохоор өнөөдөр эргээд харахад тэр цаг мөч надад хүнээрээ үлдэх боломж олгосон хамгийн таатай цаг мөч санагддаг. Би юмыг хойш тавихдаа дуртай биш. Юм болгоныг хойш тавиад байх юм бол тэрийг хэн хэзээ урагшлуулж өгөх юм бэ” гэж байв.

МИНИЙ ХҮСЛИЙН ЦАХЛАЙ БОЛ Б.АМУУЛАЙ 

“Яг одоо амьдралаа өнгөөр төсөөл дөө” гэсэн асуултад тэрээр “Миний амьдрал нарны алтан шаргал өнгөөр цацарч байна. Надад нар болж ирсэн сайхан охин минь амьдралыг минь ийм өнгөтэй болгож өгсөн. Охиндоо Б.Амуулай гэдэг монгол нэр хайрласан. Төрөхийнх нь өмнөхөн Б.Шүүдэрцэцэгийн “Хүслийн цахлай” гэдэг номыг уншаад “Миний хүслийн цахлай бол охин минь юм даа” гэж өөрийн эрхгүй шивнэж байлаа.

Тэгээд л хэл шинжлэлийн мэргэжилтэйн хэрэг юу билээ үгийн утгыг шүүсээр “Мөрөн голын цахлай” шувууны нэрийг охиндоо өгсөн. Харьцангуй ухаарч, цэгцэрсэн үедээ хүүхэдтэй болсон болохоор би их хариуцлагаа ухамсарласан ээж. Намайг төрлөө гэхэд надаас дутуугүй баярласан хүмүүс бол миний хүрээллийнхэн, найз нөхөд, ах дүүс, аав ээж минь. Бусадтай хуваалцсан жаргал хоёр дахин нэмэгдэж, бусадтай хуваалцсан зовлон хоёр дахин нимгэрдэг гэж үг бий дээ.

Б.Амукатай өнгөрөөх цагийг заавал гаргадаг. Охиноо унтахаас өмнө амжиж очиж зүрхээ зүрхэнд нь наан удаан гэгч нь тэвэрч ээж нь охиндоо ямар их хайртайгаа мэдрүүлэх дуртай. Гүнжхэн минь уйлж байна уу, уцаарлаж байна уу, халтар байна уу хамаагүй ээ, хараад л баясаад л, цаанаасаа л царай гэрэлтээд ирнэ дээ” хэмээн хуучилсан.

БИ МОНГОЛЫН АНХНЫ БИЕ ХАМГААЛАГЧТАЙ ЭМЭГТЭЙ ЮМ БИЛЭЭ 

Жагаа сэтгүүлзүйд амаргүй замыг туулсан нэгэн. Сэтгүүлчийн хөдөлмөр хүнд гэж хүн бүхэн ярьдаг. яг юугаараа хүндийг яс махаараа мэдэрсэн нь гэвэл тэр. Оны өмнө болсон сэтгүүлч бүсгүйн үхэл намайг цочролд оруулсан. Энэ тухай ярьж суутал тэрээр “Ганц би биш салбарынхан маань энэ зуурдын үхлийг цочирдон хүлээж авсан. Надад улстөрчийн талаар үнэн баримттай зүйл нийтэлснийхээ төлөө зануулж, доромжлуулж, сүүлдээ гүтгүүлж сонин хэвлэлээр “цоллуулж” байсан үе бий.

Тухайн үед жаахан охин байсан болохоор хүндээр тусгаж авдаг байсан ч өөрөө түрүүлж дуугараагүй, тэр бүхнийг нам гүм байж өнгөрөөсөн. үүн дээр л би “хэлээ хазсаар” яваа. Хэрэг хуучирдаггүй учраас баримтуудыг хадгалдаг ч өөд болсон хүний ясыг өндөлзүүлдэггүй монгол хүний жудгийг эрхэмлээд энэ талаар амьд үлдсэн би чимээгүй л байх болно. Харин тэр үед нэг л өдөр ажил дээр минь тусгайгаас томилогдсон бие хамгаалагч залуу зогсож байсан.

Хорин хэдхэн настай охин дөрвөн сарын турш буу, бороохой, станцтай тусгайгийн бие хамгаалагчаар “харгалзуулаад” ажлаа хийгээд гүйдэг байсан тэр түүх одоо дурсахад кино шиг л санагддаг. Одоо хүртэл найзалж нөхөрлөсөөр яваа тэр бие хамгаалагч маань миний хамгаалалтнаас буугаад шууд Ерөнхийлөгчийн комиссар болж байсан. Миний хувьд найзууд гэдэг хамгаас үнэтэй. Аав ээжийн сургаалд “Олонтойгоо яваарай!” гэж байдаг нь их учиртай.

Нөхөрлөлгүйгээр намайг, миний ертөнцийг төсөөлөхийн аргагүй. Аль л долоохон настайгаасаа нэг ангид ижилссэн ангийнхнаас минь эхлээд жилээс жилд найз нөхдийн хүрээ тэлсээр л байна. Тэднийхээ итгэлийг дааж, нөхөрлөлөө сайхан авч явна гэдэг бас том үүрэг шүү” хэмээн шүүрс алдсан.

СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛ ДОНАЛЬД ТРАМПААС САЛСАНГҮЙ

Жагаа сайн уншигч, номын нөхөр. ямар зохиол уншиж байна гэхэд “Сайн явж байгаа, сайхан амьдарч байгаа хүмүүсийг харахаар хөлс л үнэртдэг. үнэтэй машин унасан хүмүүсийг элдвээр хэлэхээсээ өмнө тэр баялгийг бий болгохоор зүтгэсэн хөдөлмөрийнх нь тухай бодож үзвэл өөр мэдрэмж төрнө.

Тэр хүмүүс хэн нэгний унтаж байдаг цагаар ажиллаж байдаг, зугаалж байдаг цагаар зүтгэж байдаг юм. Дүү нартаа захидаг нэг л зүйл бий. Эрч хүчтэй залуу насандаа гурван жил зүтгэж хөдөлмөрлөөд дараа нь гучин жил түүнийхээ үр шимийг хүртэж амьдар гэж хэлдэг. Олон хүн “Юм хиймээр байна, даанч мөнгө алга” гэхийг сонсож байсан. Миний хувьд мөнгө бол зүгээр л хэрэгсэл. Хийх зүйлээ өмнөө барьж авсан цагт аяндаа мөнгийг, төлбөрийн хэрэгслийг шийдэж болох арга замууд гараад ирдэг.

Багадаа бүх сонгодгуудыг, оюутан ахуйдаа шүүмж судлал, мэргэжлийн голдуу бүтээлүүдийг уншсан бол сүүлийн үед сонирхолтой дүр төрхүүдийг дотроос нь мэдэрч, танихыг зорьдог болсон. 2010оноос хойш Дональд Трамптай “зууралдаж” байна. Тэр хүний хүн төрөлхтний өмнө сүндэрлүүлж буй бүхэн сүртэй. Мөн Марк Маккормакийн бизнесийн харилцааны бодит жишээнүүдийг сонирхон уншиж байна. “Эцэг Горио”-г саяхан ахиж уншсан. Номыг нэг уншаад орхичихдоггүй, ахин дахин барьж авдаг. Оюутан байхдаа уншиж байсан номыг өнөөдөр эргээд уншихад арай өөр мэдрэмж төрдөг. Айн Рэндийн бүтээлүүдийг ахиж уншихаар гаргаж тавьчихаад байгаа” гэж байв.

УУЛЗСАН ХҮН БҮРЭЭСЭЭ УХААН НЭМСЭЭР ЯВНА 

Бид олон зүйлийг ярьсан. Мань хүн нэгэнт ам нээж байгаа болохоор нэг хүнд тусгайлан “баярлалаа” гэж хэлмээр байна гэсэн. “Жилийн өмнө “Шонхор суваг” ТВ-ийг нээлтээ хийж байхад би С.Баярмөнх ах руу залгасан. “Та үнэхээр мундаг хүн юм аа, ямар олон мундаг хүмүүсийг төрүүлээ вэ. Танд баяр хүргэе” гэж хэлсэн. Бид хэзээ ч түүнийг “Дарга, захирал” гэж хэлж байгаагүй. Бүгд “Баяраа ах аа” л гэдэг.

Тэр Баяраа ахын минь удирдан залж, чиглүүлж, сургаж боловсруулсан “бүтээгдэхүүнүүд” өнөөдөр бүгд салбартаа удирдагчид болжээ. “Сэрүүлэг”-т ажиллаж байсан Д.Болдхуяг ах бол Монголын урдаа барьдаг цөөн PR-чдын нэг, сэтгүүлзүйн тогооны хамгийн амттай хоолоор дайлдаг тогооч.

За, тэгээд “Цензургүй яриа”-г хөтлөгч Л.Мөнхбаясгалан, ТВ8 телевизийн захирал С.Отгонмөнх, “Соён гэгээрүүлэгч” ТВ-ийн захирал Ш.Хишигсүрэн, “Тэргүүн” сонины эрхлэгч Б.Цоож Чулуунцэцэг, “ Монголчуудын амьдрал” сонины эрхлэгч Э.Бямбацэцэг, “Ньюс” агентлагийн албаны дарга А.Алтантуяа, Ц.Булганзаяа, Б.Цэцэгдэлгэр, inder.mn, word.mn, nuuts.mn, chingis. mn, shock.mn гээд сайтуудын захирал Л.Оюунтунгалаг, Б. Шижиртуяа, С.Хоролгарав, Б.Ганзориг, Н.Энхцэцэг нар, одоо “Сэрүүлэг” сонины редакцийг авч яваа Ч.Өлзийдэлгэр, Н.Удвал, Б.Баярбаатар гээд бүгд цаасан дээр нэрээ гаргаж, салбартаа мөрөө үлдээсэн чадалтай, сайн сэтгүүлчид, чадварлаг удирдагчид болсон байна. Ийм сайхан хүмүүсийг бэлтгэж хэвлэлийн зах зээлд “Нийлүүлсэн” “Сэрүүлэг” сонины эзэн С.Баярмөнх ахдаа нөхдийнхөө өмнөөс их баярлалаа” гэж байна лээ.

Мөн тэрээр арван хэдэн жилийн өмнө нэг хүнд баярласнаа илэрхийлэхээр очихдоо насаараа бодож явах ухааралтай болоод гарч ирснээ дурсав. Би “Сурагч” сониныг хийхээс өмнө ажлаа өгчихөөд хоолны ч мөнгөгүй хүндхэн хаврыг өнгөрүүлж байхад Замын цагдаагийн хурандаа Н.Сэсээр агсан манайхаар ороод гарахдаа халаасандаа байсан 3000 төгрөгийг гаргаж өгчихөөд явж билээ. Тэр намартаа би “Сурагч” сониноо хийж ганцхан сарын дотор “саятан” болчихсон. Тэгээд анхны мөнгөө юунд зарцуулах тухай бодож ядах юм ч байсангүй, шууд л хүнд үед тусалсан Сэсээр ахыг баярлуулсан” гэж дурссан.

БҮСГҮЙЧҮҮДЭЭ ӨДӨР БҮРИЙГ ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨ ЁСЛУУЛ

“Амьдралын тойрог”- ийн сэтгэлийн шууданд тэрээр “Бүсгүйчүүддээ баярын мэнд хүргээд “Цаг ямагт аз жаргалаа мэдэрч байгаарай, сэтгэлээр унах үе тохиолдсон ч бүх юм сайнаар төгсөнө гэдэгт үргэлж итгэ. Биеэ сайхан авч явдаг эмэгтэй хүн, өөртөө хааш яайш ханддаг эмэгтэй хоёрын хооронд 20-хон минутын л зөрүү байдаг юм шүү. Та ердөө өглөө бүр босдог цагаасаа 20-хон минутын өмнө сэрж өөртөө тэр цагийг зориулаад гарахад л тэр өдөр таны өмнө мэхийн ёсолсоор өнгөрөх болно” гэлээ. Түүний хэлсэнчлэн бүсгүй хүн бүрт аз жаргал хүсье.

Ч.Үл-Олдох


Сэтгэгдэл байхгүй байна