• Эхлэл
  • “Мэдээний шилдэг сурвалжлагч”-д тодорлоо

“Мэдээний шилдэг сурвалжлагч”-д тодорлоо

2016/03/11

МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Мэдээний шилдэг сурвалжлагч” шагналын анхны эзэд өчигдөр /2016.03.10/ тодорчээ.

Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МСНЭ-ийн хоорондын Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2016 оноос эхлэн Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа телевиз-радио, сонин-сэтгүүл, мэдээллийн сайтын мэдээний шилдэг сэтгүүлчдийг тодруулж шагнадаг болсон.

Сэтгүүл зүйн бүтээлийн гол тулгуур болсон мэдээг орчин үеийн стандарт, шаардлага, зарчимд нийцүүлэн биечлэн бэлтгэдэг шилдэг сурвалжлагчид олгох энэхүү шагналын анхны эздийг МОНЦАМЭ агентлаг, МСНЭ хамтран шалгаруулж, өнөөдөр шагналыг нь гардууллаа. Ингэхдээ тухайн сурвалжлагчдын мэдээнд дүн шинжилгээ хийж, мэргэжлийн ур чадвар, түргэн шуурхай байдал, ач холбогдлыг нь үнэлэн дүгнэж шалгаруулав.

Шагнал гардуулах үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид “МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит энэ шагнал бол маш чухал шагнал. Тус агентлаг нь мэдээгээр төрөлжин хамгийн олон жил үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллага. Мэдээнд маш их анхаарал, ач холбогдол өгдөг гэж болно. Тухайлбал МОНЦАМЭ агентлагийн даргаар ажиллаж байсан сэтгүүлч Ч.Эрдэнэ гуай “Мэдээний машин” гэж ном бичин хэвлүүлсэн нь өнөөдрийг хүртэл үе үеийн сэтгүүлч, сурвалжлагчдын гарын авлага болсоор ирсэн. Тиймээс энэ шагналыг санаачлан тухайн жилдээ хамгийн сайн мэдээ бичсэн сэтгүүлч, сурвалжлагчийг тодруулж шагнаж байхаар болж байгаад баяртай байна” гэлээ.

МОНЦАМЭ агентлагийн Орлогч дарга Ш.Батболд “Монголын хэвлэл мэдээллийн анхдагч, 95 жилийн түүхтэй МОНЦАМЭ агентлаг нь 1921 оноос хойш өнөөг хүртэл гадаад, дотоодод өрнөж буй үйл явдлыг товч, оновчтой мэдээгээр шуурхай түгээн ажиллаж байна. Манай агентлагийн үндсэн бүтээгдэхүүн бол мэдээ. Тийм ч учраас сэтгүүл зүйн шилдэг бүтээл “Мэдээний сурвалжлагч”-ийг онцлон шагнаж байгаа юм. Тухайн мэдээ мэдээллийн агуулгыг маш товч хамгийн оновчтой бичиж нийтэлнэ гэдэг авьяас. Энэ шагналыг дэлхийн орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлагад нийцсэн, бичсэн мэдээ мэдээлэл нь нийгэмд үр өгөөжөө өгсөн сурвалжлагчид олгож байх болно” гэлээ.

Ингээд анхны “Мэдээний шилдэг сурвалжлагч”-дыг тодруулан шагнасан юм.

Телевиз-радиогийн “Мэдээний шилдэг сурвалжлагч”-аар “Eagle” телевизийн сэтгүүлч Э.Наранцэцэг шалгарлаа. Тэрбээр сэдэвчилсэн, олон нэвтрүүлэг, мэдээ бэлтгэсний дотор хамгийн сүүлд “Нийгмийн халамж эзэндээ хүрч байна уу” сэдвээр хоёр дүү, бяцхан охиныхоо хамт зуны саравч шиг байшинд амьдардаг Б.Алтаншагай гэх ядруухан бүсгүйг олж, цуврал мэдээ, сурвалжлага бэлтгэн цацсан нь нийгмийн анхаарлыг маш их татсан юм. Түүний мэдээллийн мөрөөр олон нийтийн санал санаачилга гарч, хөдөлгөөн өрнөж, өчигдөр хаалтаа хийжээ. Хүмүүсийн сайхан сэтгэлийн хандиваар 11 сая төгрөг цугларч Алтаншагай бүсгүйд хашаа байшин худалдаж авч өгч чаджээ.

Э.Наранцэцэг “Мэдээний сурвалжлагч гэдэг амаргүй ажил. Саяхан болсон цасан шуурганаар гэхэд манай мэдээний баг хотын хоёр захын товчоо руу очиж мэдээ бэлтгэсэн. Маш хүчтэй салхитай, нүүр нүдгүй цасаар шуурч байхад хүмүүсээс ярилцлага авч явахад их хэцүү байсан. Гэхдээ энэ бүхэнд сэтгүүлчид бид халшралгүй ажиллаж ард иргэдэд үнэн бодитой мэдээ мэдээллийг хүргэж байх үүрэгтэй. Залуу сэтгүүлчийн хувьд ийм сайхан шагнал авсанд маш их баяртай байна. Ирээдүйд улам ихийг хийж бүтээх урам өглөө. МОНЦАМЭ агентлагийн хамт олонд маш их баярлалаа” гэсэн юм.

Сонин-сэтгүүлийн “Мэдээний шилдэг сурвалжлагч”-аар Үндэсний шуудан сонины сурвалжлагч С.Гандөл шалгарлаа. Тэрбээр 2010 оноос хойш тус сонинд сэтгүүлчээр ажиллаж байгаа бөгөөд хууль эрхзүй, эрэн сурвалжлах, нийгэм болон улс төрийн чиглэлээр өдөр тутмын мэдээ бэлтгэн хурдтай, шуурхай, тасралтгүй ажилладаг залуу сэтгүүлч учир энэхүү шагналыг хүртсэн байна. С.Гандөл “Аливаа нийтлэл, материалын урган гарах гол үндэс суурь нь мэдээ гэж би боддог. Мэдээний лид, гарчгийг оновчтой гаргаж, товч тодорхой бичиж сурсан байх нь сэтгүүлч хүнд маш чухал. Тиймээс мэдээ бүртээ энэ шаардлагыг баримталж ажиллахыг хичээдэг” гэлээ.

Мэдээллийн сайтын “Мэдээний шилдэг сурвалжлагч”-аар www.gogo.mn сайтын сурвалжлагч Г.Одгарав шалгарлаа. Тэрбээр Улаанбаатар хотын хэмжээнд томоохон асуудал болоод буй Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг хөндөж, бүтэн жилийн турш 20 гаруй цуврал мэдээ, сурвалжлага, ярилцлага бэлтгэн, нийгмийн анхаарлыг эрхгүй татаж чадсан юм. Одоо ч энэ асуудлыг үргэлжлүүлэн хөндөж, Цэвэрлэх байгууламжийн ажилчдын эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, мэдээ мэдээллээ бэлтгэж байгаа аж.

Г.Одгарав “Цэвэрлэх байгууламж цуврал нийтлэлийг бэлтгэхээр тухайн газарт нь биечлэн очиж, олон хүнтэй уулзаж ярилцаж, багагүй хөдөлмөр гаргасан. Үүний үр дүн бүх нийслэлчүүдийн эрх ашиг байх учраас хичээж ажилласан. Ажлаа хийж явахад хүндрэлтэй зүйл их байдаг ч сэтгүүлч хүнд хямсганах зан таарахгүй. Ажлынхаа төлөө ямар ч асуудалтай тулгардаг. Үүнээс гадна Хүнсний аюулгүй байдал, Хүүхэд, Хүүхдийн өвчлөл, Хүчирхийлэл зэрэг хэд хэдэн сэдвээр цуврал мэдээ, нийтлэл бэлтгэсэн. Одоо Туул гол дагуу амьдарч байгаа ажилчдын асуудлыг хөндөхөөр төлөвлөж байна” гэлээ.

Шилдэг сэтгүүлчдийг “Алтан дүрмийн эзэн” тэмдэг, үнэ бүхий дурсгалын зүйлсээр шагнаж урамшуулсан юм.

Ирэх 2017 оны “Мэдээний шилдэг сурвалжлагч”-ийг шалгаруулах болзолт уралдааныг тун удахгүй зарлаж, Монголын бүх сэтгүүлчдийн дунд нээлттэй явуулах юм. Тиймээс энэхүү хүндтэй шагналын эзэн болохын тулд жилийн турш шилдэг мэдээ бэлтгэн ажиллах үүрэг Монголын бүх сэтгүүлчдэд оногдож байна.


Сэтгэгдэл байхгүй байна