Монгол улсын хэмжээнд орон тооны эвлэрүүлэн зуучлагч нарыг бэлтгэсэн нь томоохон ажлын нэг болсон бөгөөд түүнчлэн эвлэрүүлэн зуучлагч нар нь амжилттай ажиллаад хоёр жилийн нүүрийг үзэж байгаа билээ.
Ингээд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа амжилттай шийдвэрлүүлсэн нэгэн байгууллагын ажилтны сэтгэгдлийг хүргэе.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь "Голомт” банкны харилцааны менежер, зээлийн эдийн засагч Э.Сарангэрэл.
Миний бие "Голомт” банкаас зээл авсан иргэдээс муу зээлдэгч болсон, хугацаа хэтрүүлж, бүр чанаргүй ангилалд шилжсэн 9 иргэний 209,732,700 төгрөгний зээл байсныг шүүхэд өгөхөөр тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнээс мэдээлэл авахад тухайн шүүхийн мэргэжилтэн ”Шүүх хэргийг хүлээн авч тойргийн журмаар шүүгчиддээ хуваарилж, түүнээс хойш 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх, үүсгэх гүйгээ шийддэг.
Иргэний хэрэг үүсгэнээс хойш 60 хоногийн дотор тухайн хэргийг шийдвэрлэх ёстой.
Шаардлагатай тохиолдолд 30 хоногоор дахин сунгадаг. Нийт 120 хоногт шийдвэрлэдэгээс гадна төлбөр, мөнгөний хувьд нэхэмжилсэн мөнгөн дүнгээс шалтгаалж хүн тус бүрээр өөр өөр тэмдэгтийн хураамж төлдөг талаар тайлбарласан.
Мөн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын давуу талууд, 30 хоногт багтааж аливаа маргааныг шийдвэрлэдэг талаар мэдээллийг товч өгсөн юм. Үүний дагуу би шүүхийн эвлэрүүлэн зуучлалыг сонгож эвлэрүүлэн зуучлах ажилтан Э.Эрдэнэтуяад хандаж өргөдөл гаргахад талууд тохиролцоонд хүрч чадвал 30 хоногт багтааж шийдвэрлэдэг, бүр өдөрт нь ч шийдвэрлэж болох талаар маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Тэгээд надад өргөдлийн маягт өгч, тухайн хүний утас, гэрийн хаягыг, маргааны агуулгын талаар дэлгэрэнгүй, тодорхой бичиж өгөх шаардлагатай гэв. Тэгээд ч цаг хугацааны хувьд давуу талтай байв.
Ингээд бодохоор шүүхэд өргөдөл гаргахад цаг хугацаа болоод иргэнээс нэхэмжилсэн мөнгөн дүнгээсээ хамаараад тэмдэгтийн хураамж төлөхөөр их мөнгө орно. Мэдээж би гаргасан зардал болох тэмдэгтийн хураамжаа үйлчлүүлэгчээрээ төлүүлэх болно.
Тэгээд бодохоор хүндрэлтэй санагдаад, Энэ бүхнийг бодолцож байгаад цаг хугацааны хувьд богино, хэдэн ч төгрөг нэхэмжилсэн байсан 30000 төгрөг төлдөг нь их таалагдсан. Манай банктай холбоотой өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногт уулзалт зохион байгуулж, хуулийн 30 хоногтоо багтааж зардал чирэгдэл бага, шаардлагатай ажиллагаануудыг түргэн шуурхай, цаг алдалгүй, үр дүнтэй зохион байгуулж, сэтгэлд нийцсэн хэн хэндээ таатай шийдэлд хүрч, манай байгууллагыг хохиролгүй болгож өгсөнд эвлэрүүлэн зуучлагчдаа талархаж байна.
Мөн зээлдэгчдэд маань ч энэ үйлчилгээ их таалагдсан. Тиймээс эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг сонгосондоо үнэхээр их баяртай байна. Тухайн зээл төлөгчид маань хэдий зээлээ төлөхгүй байгаа ч гэсэн манай байгууллагын хувьд үйлчлүүлэгч гэдгээр нь аливаа маргааныг эвийн зарчимаар шийдэх нь чухал байдаг.
Гэсэн хэдий ч энэхүү зарчмын дагуу тэр болгон санаа бодлоо уудлаж, харилцаж ойлголцож, зөвшилцөж чаддаггүйгээс маргаан бий болдог гэж би ойлогодог.
Харин энэхүү эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хэрэгжиж эхэлснээр маргаантай хүмүүс хооронд гүүр нь болж зуучлан эвлэрүүлж байгаа нь иймэрхүү тогтолцоо үгүйлэгдэж байсан нь харагдаж байгаа юм. Цаашид иргэд шүүхийн шатанд маргаанаа таслуулдаг биш эвийн зарчмаар маргаанаа шийдвэрлэдэг болох байх гэж найдаж байна. Баярлалаа та бүхэнд, танай хамт олонд амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна