• Эхлэл
  • Компаниуд ажлынхаа хөлсийг нэхэж байна

Компаниуд ажлынхаа хөлсийг нэхэж байна

2016/03/12

“Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Сүрэнхорлоо болон “Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ын ажилтан Сумьяадорж “Транском” ХХК-ийн дэд захирал Б.Хүдэр-Ян нар хийсэн ажлынхаа хөлсийг нэхэн өчигдөр буюу энэ сарын 11-нд хэвлэлийн бага хурал хийсэн.

Тэд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтанд ул шорооны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүйн улмаас санхүүгийн хүндрэлд орж, зарим компани дампуурлаа зарлахдаа тулаад байгааг гэдгийг онцлон хэлсэн юм.

БНСУ-ын “Самсунг СТ” компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу газар шорооны ажлын 119 сая ам долларын санхүүжилт 100 хувь олгогдсон байна. Чингис бондын 200 сая ам.доллараас санхүүжилт өгч БНСУ-ын компанийн дансанд хэдийн орсон гэдгийг Ч.Сүрэнхорлоо хэллээ. Гэтэл өнөөдрийг хүртэл туслан гүйцэтгэгч нар мөнгөө авч чадахгүй байгаа бөгөөд үүнээс болоод зарим компани авсан зээлээ, цалингаа тавьж чадалгүй дампуурахад хүрээд байгаа аж.

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд концессын гэрээний дагуу шалгараад байсан “Энержи ресурс рейл” ХХК-ийн эрхийг цуцлан, эрх шилжүүлэх гэрээ байгуулан Монголын төмөр зам” ТӨХК, БНСУ-ын “Samsung CT” компани энэхүү ажилд шалгарсан байдаг.

Улмаар “Эсто” ХХК, “Нутгийн буян” ХХК, “Бидний зам” ХХК, “Транском” ХХК зэрэг үндэсний 13 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, нийтдээ 11.7 сая метр куб ул шорооны ажлыг 137.2 тэрбум төгрөг буюу 70 сая ам доллароор хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг.

 Гэтэл үндэсний 13 компанитай нэгж метр куб ул шорооны ажлыг 8500 төгрөг буюу таван ам доллараар хийж гүйцэтгэхээр гэрээлсэн “Samsung C&T” компани “Монголын төмөр зам” ТӨХК-тай нэг метр куб ул шорооны ажлыг 9.9 ам.доллараар тооцон гэрээ байгуулжээ. Зөвхөн гэрээний үнийн дүнгийн зөрүүнээс хамаарах 4.9 ам доллараас БНСУ-ын “Самсунг СТ” компанид 57.3 сая ам долларын цэвэр ашиг орсон байна.

Үүнийг шударга нийгэмд бол ашиг биш “Гэрээний залилан” гэж нэрлэдэг аж. Нэмж дурдахад “Samsung C&T” компани ерөнхий гүйцэтгэгчийн гэрээний дагуу тухайн ажлын менежментийн зардалд 30 сая ам доллар, ашиг орлого 56 сая ам долларыг урьдчилсан авсны үндсэн дээр ул шорооны ажлаа эхлүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар үндэсний 13 компани нийт ул шорооны ажлын 85 хувийг хийж гүйцэтгэн 112,6 тэрбум төгрөг буюу 56,2 сая ам долларыг гэрээний дагуу хүлээн авсан ч “Samsung CT” компани санхүүжилт орж ирээгүй гэсэн үндсэн шалтгаанаар ажил зогсоон үлдсэн төлбөрийг өгөлгүй өнөөдрийг хүрчээ.

Үүнтэй холбогдуулан “Самсунг СТ” компанийн удирдлага болон Зам тээврийн яамны дарга асан Б.Батзаяа, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа аж.

Тэгвэл Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой  “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих ажил нийтдээ 8.6 жилийн хугацаа зарцуулагдсан боловч нэг см төмөр зам баригдаагүй байна. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр, Засгийн газар дөрөв, Зам тээврийн сайд зургаа, “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал мөн зургаан удаа солигдсон.

Харин Монголчууд төмөр замын бүтээн байгуулалтанд нийт 265.6 сая  ам.доллар, 6.3 тэрбум төгрөг зарцуулсан.

Ийн хохироод байгаа компаниуд хохиролоо барагдуулахыг шаардаж байгаа аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна