Өнөөдрийн байдлаар нийгэмд түрээсийн орон сууц болон, ипотекийн зээлийн асуудал хөндөгдсөөр байгаа. Яг энэ үеэр орон сууцны үнэ ч мөн яригдаж байна. Эрэлт их байгаа үед үнэ ханшид өөрчлөлт ордог. Тэгвэл ийн эрэлттэй байгаа энэ үед орон сууцны үнэ буурсан талаар мэдээлэл байна. Тодруулбал:
Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2016 оны хоёрдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4,657 орон сууцны үнийг хамруулжээ.
Энэ оны хоёрдугаар сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буурсан байна.
2013 оны нэгдүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна. 2014 оны арванхоёрдугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байна.
Жишээлбэл, Баянгол дүүргийн нутагт баригдсан “Golden park” хотхонд 2015 оны хоёрдугаар сард нэг метр квадратын дундаж үнэ 1,899,000 төгрөг байсан бол 2016 оны хоёрдугаар сарын байдлаар 1,638,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар буурсан байна.
Шинэ орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ нь 2016 оны хоёрдугаар сарын байдлаар 2,042,000 төгрөг болж өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар буурсан байна. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ нь 2016 оны хоёрдугаар сарын байдлаар 81,044,000 төгрөг болж өмнөх сараас гурван хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 15.5 хувиар тус тус буурсан байна. Энэ мэтчилэн тооцоо гарсан ба гаргасан тооцоо нь бодит байдал хэрхэн өрнөж байгаад иргэд эргэлзэж байна.
Мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо өссөөр байгаа ба бүртгэл эхлээгүй байхад оочир дараалал аль хэдийн үүсээд буй. Энэ хөтөлбөр нь энэ сарын 21-нд хэрэгжиж эхлэх талаар өмнө нь мэдээлж байсан.
Сэтгэгдэл байхгүй байна